Оросын Холбооны Улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 40, Бүгд Найрамдах Унгар улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 33 монгол иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авч, Бүгд Найрамдах Солонгос улсад тэтгэврийн даатгал давхар төлөхгүй ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгуулан, хэрэгжүүлж байгаа.
Үүнтэй холбоотойгоор Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2018.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв.
Гадаад харилцааны яамны Консулын газрын /2016 оны 11-р сарын/ судалгаагаар Бүгд Найрамдах Польш улсад байгаа нийт 939 монгол иргэнээс дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч, ажиллаж байгаа бөгөөд үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар манай иргэд Бүгд Найрамдах Польш Улсад оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжүүдийг тус улсын хуулийн дагуу авч байна.
Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байна.
Уг хэлэлцээр батлагдсанаар Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол Улсын иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй байх эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудлыг шийдвэрлэх юм.
Монгол Улсын иргэдийн Бүгд Найрамдах Польш Улсад ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна гэж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс