Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган: Америкчууд манай ар нуруунд хутга зоолоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Туркийн эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Өчигдөр буюу Даваа гарагт тус улсын үндэсний валют лирийн ам.доллартай харьцах ханш 11 хувиар унажээ.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн металлын импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай зарласны дараа 20 хувиар унаад байсан юм.

Лирийн уналт дэлхийн зах зээлд ч нөлөөлж эхлээд байна. Ялангуяа Турк зээлдэгчидтэй Европын банкнуудад дарамт нэмэгдсэнээс Европын хөрөнгийн зах зээлүүдэд хямрал нүүрлэж байгаа юм.

Өчигдөр Европын гол хөрөнгийн зах зээлүүдийн индекс 0.5 орчим хувийн уналттай байлаа.

Үүнээс гадна Токиогийн индекс 2 хувь унасан бол Хонг Конгийн индекс 1-ээс дээш хувийн уналттай байв.

Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган олон нийтэд хандаж үг хэлэхдээ Вашингтоны эрх баригчдад хандан “НАТО-гийн гишүүн, стратегийн түнш улс мөртлөө та нар холбоотныхоо ар нуруунд хутга зоож байгаа юм уу? Ингэж болно гэж үү?” хэмээн ярьсан байна.

Хямралын эрчийг сааруулахын тулд бодлогын хүүгээ өсгөхийг олон улсын байгууллагууд уриалж байгаа ч Эрдоган хүлээж авахгүй байгаа.

Энэ зуур Туркийн засгийн газар хөрөнгө оруулагчдыг тайтгаруулах мэдэгдлүүд хийсээр байна. Эрдоганы хүргэн, сангийн сайд Берат Албайрак хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад байгаагаа өнгөрсөн Ням гарагт твиттер хуудсандаа мэдээлсэн юм.

Гэхдээ тэр төлөвлөгөөнийхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Туркийн төв банк Даваа гарагийн өглөө мэдэгдэхдээ “санхүүгийн орчны тогтвортой байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна” хэмээн амлаж байв.

Харин хөрөнгө оруулагчид Туркийн засгийн газраас итгэл үнэмшил төрүүлэхүйц алхам хүлээж байгаагаа илэрхийлсээр байна.

Гэхдээ Анкарагийн эрх баригчид лирийн уналтыг эдийн засгийн бодит байдал гэж харахаасаа илүү хэн нэгний зохион байгуулалттай ажиллагаа гэж үзэж байгаа юм.

Тиймээс тэд тогтворгүй байдал үүсгэхэд санаатай нөлөөлж байж болзошгүй сошиал сүлжээний 346 хаягийг шалгаж байгааг Даваа гарагт орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Туркийн лирийн хямрал бас бусад хөгжиж байгаа орнуудын зах зээлд ч нөлөөлж эхэлжээ. Хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотойгоор Өмнөд Африкийн рандын ам.доллартай харьцах ханш 8 хувь, Энэтхэгийн рупигийн ханш 1 хувиар Даваа гарагийн өглөө унасан байна.

 

Эх сурвалж: CNN