Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих "Seedstars World" тэмцээн болоход 4 хоног үлдлээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг Seedstars World тэмцээн энэ жил Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэхүү тэмцээн нь нийт 75 оронд зохион байгуулагдаж, 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх болон дэлхийн нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид зөвлөхүүдтэй холбогдох боломжийг олгодог байна. Өнөөг хүртэл тус тэмцээний оролцогчид нийт 61,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа юм.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцох багуудыг энэ сарын 10-ны өдрийг дуустал онлайнаар бүртгэж авсан билээ. Бүртгүүлсэн багуудаас шүүгчдийн бүрэлдэхүүн нийт есөн гарааны онцлох бизнесийг сонгон авч, ирэх бямба гарагт буюу 18-ны өдөр өрсөлдөж, ялагчийг тодруулахаар болоод байна.

Шалгарсан шилдэг 9 гарааны бизнесийг та бүхэнд танилцуулвал:

  • Erxes Inc- Хэрэглэгчтэй харилцах сувгуудыг нэгтгэн удирдаж, алба нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж, маркетинг, борлуулалтыг дэмжих хиймэл оюун ухаанд суурилсан нээлттэй платформ
  • Ge Pay- Ухаалаг интернет төлбөрийн систем
  • iHotel- Аялал жуулчлал, зочид буудлын салбарыг технологитой холбосон шийдэл
  • Mixsor- Гар утастай холбогдон ажилладаг жижиг оврын агаарын чанар хэмжигч төхөөрөмж 
  • Nomadicsoft- Хиймэл оюун ухаан дээр суурилсан хүргэлтийн үйлчилгээ
  • Ondoo- Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт
  • Onebelt Freezone- Тээвэрлэлт, каргог зэрэг холбогдох үйлчилгээг нэгтгэсэн ложистик платформ
  • Pink Kiwi- Контент бүтээгчдэд зориулсан шууд дамжуулалтыг хүргэх аппликейшн
  • TODA- Түргэн шуурхай, бага зардалтай олон улсын мөнгөн гуйвуулга болон крипто валют солилцооны платформ​

Эдгээр шалгарсан есөн оролцогч монголын бизнесийн салбарын томоохон төлөөллүүдээс бүрдсэн шүүгчдийн өмнө шинэлэг, содон санаагаараа өрсөлдөхөөр болоод байна. Ялагч 1,000,000 ам.доллларын хөрөнгө оруулалт авч, Швейцар Улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх эрхийг авах юм.