Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск Теслаг хувьчлах мөнгөө шийдээгүй болох нь батлагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск компанийнхаа хувьцаануудыг хөрөнгийн зах зээлээс худалдан авч, нээлттэй компаниас хувийн компани болгох гэж байгаагаа зарласан юм.

Ингэхдээ тэр нэгж хувьцаа бүрийг $420-ын үнээр авах тухай дурдаад үүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдсэн гэж мэдэгдэж байв.

Маскын энэ мэдэгдэл хөрөнгийн зах зээлд савалгаа үүсгэж, Теслагийн арилжааг зогсооход хүргэж байлаа.

Тэгвэл өчигдөр тэр өөрийн блогтоо яагаад ийм мэдэгдэл хийх болсон талаар бичжээ.

Түүнд өгүүлснээр үнэндээ Теслаг хувьчлах хөрөнгө огт шийдэгдээгүй юм байна. Тиймээс одоо Илон Маск эвгүй байдалд орж, хуулийнханд шалгуулах нөхцөл байдал үүсч болзошгүй боллоо.

Маск блогтоо бичихдээ Саудын Арабын баялгийн сан Public Investment Fund-ийг төлөөлсөн хүн долдугаар сарын 31-нд түүнтэй ярилцаж, Теслаг хувийн компани болгох сонирхлоо илэрхийлсэн тухай дурджээ.

Арабууд бүр 2017 оны эхнээс ийм санаа цухуйлгах болсон тухай Маск бичсэн байна. “Тэр Теслаг хувьчлах ажлыг санхүүжүүлэх хүчтэй сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Шийдвэр гаргахад өөр хүнээс асуух шаардлагагүй, санхүүжүүлэхэд бэлэн гэж би түүнээс ойлгосон” гэж Маск тайлбарласан байна.

Уол Стритийн тооцоолсноор Теслаг бүрэн хувьчлахад $66 тэрбумын хөрөнгө шаардлагатай. Үүнийг Саудын Арабын сан дангаар гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй гэнэ. Бас засгийн газрын сан ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг хүний шийдвэрээр гаргах боломжгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 

Өнгөрсөн долоо хоногийн мэдэгдлийн дараа зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргасны дагуу АНУ-ын Үнэт цаас, Арилжааны Хороо Маскын ярьсан санхүүжилт бодитой байсан эсэхийг шалгах гэж байгаа юм.

Хэрвээ тэр худал, батлагдаагүй мэдээлэл тарааж, зах зээлд нөлөөлсөн бол хариуцлага хүлээж магадгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider