Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улс Хятадын $20 тэрбумын хөрөнгө оруулалтаас татгалзана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Малайзын шинэ ерөнхий сайд Махатхир Мохамад саяхан Бээжинд анх удаа айлчлахаасаа өмнө Хятадын хөрөнгө оруулалттай хоёр том төслөөс татгалзах бодолтой байгаагаа хэвлэлд ярьж байв.

Тэгвэл өчигдөр тэр Associated Press агентлагт ярихдаа “Бидэнд энэ хоёр төсөл хэрэггүй гэж би бодож байна. Хэрэгжих боломж ч муу. Тиймээс бид эдгээр төслүүдийг зүгээр л хаямаар байна” хэмээн мэдэгджээ.

Төслүүдийн нэг нь 688 км урт Зүүн Эргийн Төмөр зам байгуулах ажил юм. Хятадын компаниар бариулах энэ төмөр зам нь Малайзын зүүн эргийн боомтуудыг баруун эрэгтэй холбох зорилготой.

Хятадын засгийн газрын зээлээр санхүүжих энэ бүтээн байгуулалт 10 орчим жил үргэлжлэх юм. Өөр нэг төсөл нь Хятадын Экзим банкны санхүүжилтээр байгуулах байгалийн хийн хоолойн дэд бүтэц.

Эдгээрээс гадна Махатхир өнгөрсөн зургаадугаар сард Малайзыг Сингапуртай холбох өндөр хурдны төмөр замын $27 тэрбумын төслийг зогсоохоо мэдэгдэж байв.

Дээрх бүх төслүүд нь өмнөх ерөнхий сайд Нажиб Разакын санаачилсан ажил. Харин тавдугаар сард сонгуульд ялж, ерөнхий сайд болсон Махатхир Мохамад тус улсын баялгийн сан 1MDB-д шалгалт хийсний дараа улс орон нь санхүүгийн хувьд маш их үрэлгэн, замбараагүй байгаа, засгийн газрын өр нь $250 тэрбумд хүрээд байгааг илрүүлсэн юм.

Одоо Нажиб итгэл эвдсэн, мөнгө угаасан зэрэг хэрэгт яллагдаад байна. 

Энэ бол аль нэг улсын удирдагч солигдсоны дараа Хятадын санхүүжилттэй төслөөс татгалзаж байгаа анхны тохиолдол биш. Харин Хятадын засгийн газрын аварга том төсөл болох “Зам ба Бүс”-ээс ухарч байгаа хамгийн том шийдвэрүүдийн нэг болж байгаагаараа онцлог.

Одоо ажиглагчид өнгөрсөн сард сонгуульд ялж, Пакистаны ерөнхий сайд болсон крикетийн од асан Имран Ханы шийдвэрийг хүлээж байна.

Энэ улсад Хятад-Пакистаны эдийн засгийн корридор байгуулах $60 тэрбум орчмын том төсөл яригдаж байгаа. Үүнд боомтууд, цахилгаан станцууд шинээр байгуулах дэд бүтцийн олон ажил багтаж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz