Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн үндэсний валют лирийн чөлөөт уналттай холбоотой тоо баримтууд

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Турк улсад үндэсний валютын ханш нь чөлөөт уналтыг үзүүлж, АНУ-ын экспортын хоригоор шийтгүүлж, инфляц өсөж байгаа ч Ерөнхийлөгч нь энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

НАТО-гийн гишүүн, 80 сая хүн амтай энэ оронд яг юу болоод байгааг ойлгохын тулд дараах баримтуудтай танилцах хэрэгтэй болно.

  • Зөвхөн өнгөрсөн долоо хоногт Туркийн үндэсний валют лирийн ам.доллартай харьцах ханш 20 хувиар уналаа. Энэ удаагийн хямралаас ч өмнө уналт хэдийнэ эхэлсэн байсан бөгөөд ханш нь сүүлийн 12 сарын хугацаанд 50 хувиа алдаад байна.
  • Хувийн салбарын өр нэмэгдэж, банкны салбарт гадаадын санхүүжилт өссөнөөс урсгал данс нь алдагдалтай байгаа. Жилийн инфляц нь долдугаар сард 15.9 хувьд хүрсэн нь өндөр орлоготой улс орнуудын дундаж түвшнээс бараг тав дахин өндөр болжээ. Олон жилийн эрчимтэй өсөлтийн дараа тус улсын барилгын салбарын хөөс хагарах айдас бий болоод байна. Хэрэв ингэвэл банкны өрийг эрс нэмэгдүүлэх юм.
  • Баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн ган, хөнгөнцагааны импортын татварыг хоёр дахин өсгөх шийдвэрээ зарласан. Үүний цаана АНУ-ын иргэн, санваартан Эндрью Брансоныг Туркэд баривчилж, хорьсонтой холбоотой талуудын зөрчил маргаан бий. Түүнийг 2016 оны төрийн эргэлтийн хуйвалдаанд дэмжлэг үзүүлсэн гэж Анкара буруутгаж байна.
  • Туркийн лирийн уналт банкуудад сөрөг нөлөө үзүүлэхээс хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Баасан гарагт Британий FTSE индекс 75 нэгжээр унасан бол Германы DAX индекс 2 хувиар буурсан байна.
  • Туркийн эдийн засгийн эмзэг цэгүүдийг ОУВС анхааруулсаар байгаа ч Ерөнхийлөгч Эрдоган олон улсын байгууллагуудын тусламж, зөвлөмжөөс татгалзаж, өөрийнхөөрөө зүтгэсээр байна. Мөн Туркийн төв банкны хараат бус бодлогод мэргэжилтнүүд санаа зовж байгаа юм. Учир нь Эрдоганы хүргэн одоо Сангийн сайдын албыг хашиж байна.

 

Эх сурвалж: The Guardian