Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хадгаламж зээлийн хоршооны нийт орлого 10 жилийн дээд түвшинд хүржээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Санхүүгийн зах зээлийн тоон үзүүлэлтүүдийн графикууд энэ оны II улирлын байдлаар өсөлтийг заажээ. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ л гэхэд хоёрдугаар улиралд 65.9 хувиар өсөж, 2.5 их наяд төгрөгт хүрсэн нь 2017 оны жилийн эцсийн ДНБ-ий 9.1 хувьтай дүйх үзүүлэлт.
 
Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ 13.1 хувиар өсөж, 282.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын компаниуд хоёрдугаар улиралд нөхөн төлбөрийн зардалд 29.2 тэрбум олгосон нь нийт хураамжийнхаа 34.7 хувийг эзэлсэн байна. Ийнхүү нөхөн төлбөрт өгсөн мөнгөний 98.8 хувийг ердийн даатгалын компаниуд олгожээ. 

Тэгвэл ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувийн өсөлттэй байна. Ийнхүү өссөн хөрөнгийн 74.1 хувь буюу дийлэнхийг зээлийн өсөлт бүрдүүлжээ. ББСБ-уудын өөрийн хөрөнгө нь мөн л 30 гаруй хувиар өсөж, 888.5 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707.8 тэрбум төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 28.8 хувиар нэмэгдсэн байна. 

Хадгаламж зээлийн хоршооны үзүүлэлт ч сайн байна. Тус салбарын нийт орлого 37.4 хувиар өсөж, 19.3 тэрбум төгрөг буюу сүүлийн 10 жилийн хамгийн дээд түвшинд хүржээ

Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны хоёрдугаар улирлын тоон үзүүлэлтүүдийг танилцуулахдаа эдгээр тоог онцолсон. Тус салбарын үзүүлэлтүүд ийнхүү өсөлттэй байгаа нь эдийн засгийн идэвхжил сэргэж, эерэг төлөвтэй байгаагаас гадна бодлогын зарим арга хэмжээ үр дүнгээ өгч буйн илрэл хэмээн СЗХ-ны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун хэлсэн юм. Тухайлбал, СЗХ судалгаа хийсний үндсэн дээр 2017 оны нэгдүгээр сард ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь иргэдэд санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн төсөөлөл биеллээ олсны илрэл гэдгийг тодотголоо. Цаашид финтек технологийг санхүүгийн бусад салбарт нэвтрүүлж, хүртээмжийг сайжруулах чиглэлд бодлого гаргахаар судалгаа хийж байгаа юм байна.