Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын ажил гүйцэтгэгч компаниудын төлөөлөл уучлалт гуйв

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингэлэг зөөх явцад өргөгч автокраны тросс тасарсны улмаас "Хурд" группийн барилгын туслах ажилтан 17 настай "У" толгойдоо цохиулан амиа алдсан талаар бид өнгөрөгч 9-ний өдөр мэдээлж байсан.Тэгвэл өнөөдөр энэ талаар барилгын компанийн төлөөлөл мэдэгдэл хийгээд байна.

Барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Түмэндэлгэр” компанийн захирал н.Батхишиг "Барилгын газар дээр гэнэтийн осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд талийгаачийн төрөл садан, ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж байна. Уг хэргийн үйл явцаас дурдвал автокраны тросс тасарсны улмаас  болсон, одоогийн байдлаар шүүх хяналтын байгууллагууд хяналт шинжилгээ хийж байгаа тул тодорхой хариу өгөх боломжгүй байна” гэв.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Талийгаач хүүгийн хувьд 17 настай, тодорхой мэргэжилгүй хүнийг барилгын ажилд авсан байж болзошгүй талаар компанийн захирлаас тодруулахад “Талийгаач хүү манай барилгын компанид танилын шугамаараа ажилд орсон байсан. Ажилд орох үед манай байгууллагын хүний нөөц 17 настайг нь анзааралгүй ажилд авсан байсан нь манай байгууллагын алдаа” гэж хариулав.

Мөн хэвлэлийн хурлын үеэр “Хурд” компанийн барилгын ажил гүйцэтгэгч,хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл ирж мэдэгдэл хийсэн бөгөөд тэдний хэлж буйгаар “Хурд Групп бол бидэнд ажил олгогч, хамтран ажиллагч компани харин бид бүхэн ажил гүйцэтгэгч компани юм. Барилгын ажил гүйцэтгэх явцад хэд хэдэн золгүй явдлууд өмнө тохиолдож байсан. Тэр бүрт "Хурд" Группийн алдаа бус хамтран ажиллагч бид бүхний алдаа, дутагдал болон зарим ажилчдын хариуцлагагүй байдлаас болж тохиолдож байсан. Тэр болгонд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Хурд Групптэй холбож, буруутгаж, нэг талыг баримталж ирсэн нь өрөөсгөл юм. Энэ бүхэнд харамсаж байна. Осол гэмтэл гарах бүрт бид хууль хяналт, мэргэжлийн хяналтын байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг. Саяын осол болон өмнө тохиолдож байсан нийт осолд барилгачдын өмнөөс ард түмнээсээ ёс зүйн хувьд чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Мөн бидний алдаа дутагдлын өмнөөс ёс зүйн хариуцлагыг нуруундаа үүрч ирсэн Хурд Группийн үүсгэн байгуулагч Б.Чойжилсүрэн танаас албан ёсоор уучлалт гуйж байна" хэмээн мэдэгдлээ.