Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хьюндай автомашины дотор жолооч, зорчигч хоёр тус тусдаа хөгжим сонсдог болно

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Хьюндай автомашин үйлдвэрлэгч өчигдөр буюу Ням гарагт “separate sound zone control system” буюу нэг машинд зорчигчид тус тусдаа хөгжим сонсох систем бий болгосноо зарлажээ.

Ингэхдээ харилцан бие биедээ саад бололгүйгээр өөр өөрийн хөгжмийг машины яригчаар тоглуулж, сонсох гэнэ.

Хьюндай өөрийгөө ийм систем зохион бүтээсэн дэлхийн анхны автомашин үйлдвэрлэгч гэсэн байна.

Цаашдаа жолоочгүй автомашинууд зах зээлд гарахад ийм систем чухал ач холбогдолтой болно гэж тус компанийн төлөөлөгч ярьжээ. Мөн жолоочийн сонсох дуртай хөгжим зорчигчдод таалагдахгүй байх боломжтой тул тусгаарлах нь зөв гэж үзсэн гэнэ.

Машин дотор байрлах олон чанга яригчаас гарах дууны долгионы уртыг өөрчилснөөр жолоочийн болон арын эгнээнд суугаа зорчигч нар тус тусдаа хөгжим сонсож болох юм.

Мөн жолооч машины чанга яригчаар “hands free” утасны яриа хийж байхад харилцагчийн яриа нь арын эгнээний хүнд сонсогдохгүй байх боломжтой гэнэ.

Өөр нэг давуу тал нь жолоочид зориулагдсан зам хөтөчийн (navigation system) заавар, дохио зэрэг нь зорчигчид сонсогдож, залхаахгүй байх боломжтой ажээ.

Хьюндай компани ийм системийг 2014 оноос эхлэн судалж байгаа гэнэ. Туршилтын үе шат амжилттай болж, ойрын хоёр жилийн дотор шинэ машинуудад суурилуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Hyundai Motor