Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дуламсүрэн: Компанийн технологийн шинэчлэлүүд бүрэн хийгдсэн. Одоо эдийн засгийн өсөлтөд анхаарч ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Яг одоо хөрөнгийн биржээс санхүүжилт татахаар ажиллаж буй Хөвсгөл Алтандуулга ХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Дуламсүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тус компани нь Газар тариалан болон Гурил үйлдвэрлэл хослон эрхэлдэг Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д  бүртгэлтэй хувьцаат компани юм.

- Танайх улаанбуудайгаа өөрсдөө тарьж, хадгалж, гурилаа үйлдвэрлэдэг. Энэ нь өрсөлдөөнд танайд ямар боломжийг олгож байна

- Одоогийн байдлаар 7,000 га талбайтай байна. Хуучин технологиор бид 50% д нь уринш, 50%-д нь тариалалт хийдэг байсан бол сүүлийн 3 жил тариалалтын талбайгаа нэмэгдүүлж 60-70%-д нь тариалалт хийж байна.

Гурилын үйлдвэрлэлдээ хэрэглэдэг болохоор буудайгаа яаж борлуулах вэ гэж санаа зовох юм байдаггүй. Энэ бидний давуу тал, боломж. Харин ч бусад тариаланчдаасаа буудай худалдан авч байна. 

Бид 1.2 төрлийн сортыг масс хэмжээгээр тариалдаггүй. Олон төрлийн сортын буудай тариалдаг. Нэг сортыг нөгөөтэй холиход дээд гурил гарна, энийг энтэй холиход цавуулаг ийм болно гэх мэтээр хэрэглэгч болгонд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тарьж байна. 

- МХБ-д 200 гаруй ХК бий, өнгөрсөн хугацаанд тэдний дийлэнх нь банкны зээлээр бизнесээ санхүүжүүлж ирсэн. Танайх энэ удаа үүнээс татгалзлаа. Энэ сонголтод юу нөлөөлөв

- Хувьцаа нэмж гаргах ажил бидний хувьд эртнээс бодож, хүсэж байсан зүйл л дээ. Харин гадна, дотны нөхцөл бололцоо бүрдэхгүй явсаар байгаад өнөөдөр тохироо нь бүрдээд хэрэгжүүлж байна.

Бид компанийн 28%-тай тэнцэх хувьцааг санал болгож 3.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Нэгж хувьцааны үнэ нь 850 төгрөг гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд бид дандаа арилжааны банкнаас урт, богино хугацаатай зээл авч ирсэн. Зээлийн хүү өндөр, дээр нь хязгаартай, өөрийн хөрөнгөөс давсан зээл олгохгүй, хамаг эд хөрөнгө барьцаалдаг шүү дээ.

Бид зээл аваад их юм хийгээд л байдаг, хийгээд л байдаг өөрт үлдэж байгаа ашиг бага байсаар ирсэн. Гэхдээ манай компани өдий хугацаанд банкны зээлээр энэ үйлдвэрээ босгож, техник тоног төхөөрөмжөө 100% шинэчилж чадсан. 

Харин одоо банкны зээлээсээ ч гарч байна. Тийм болохоор нэг талаас өөр хэлбэрийн хөрөнгө оруулалт татая, манай компани чинь хувьцаат компани, хувьцаа маань Хөрөнгийн бирж дээр арилжигдаж байгаагийн хувьд энэ боломж, давуу талаа ашиглая, хувьцаагаа идэвхитэй арилжигддаг болгох зорилго руугаа явья гэсэн үүднээс нэмж хувьцаа гаргахаар шийдсэн.

Нөгөө талаар манай үйлдвэр хоногт 100 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай боловч 20-30 тн-ыг л тээрэмдэж байгаа. Бид компанийнхаа өсөлтийг бүрэн хангаж чадахгүй байна. Бидэнд илүү өсөлт үзүүлэх боломж харагдаад байгаа юм. Хүчин чадлаа 100% биш юмаа гэхэд 80% ашиглах боломжтой. Энэ нь түүхий эдийн дутагдалтай холбоотой. Бид бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирвэл хэрэглэгчдийнхээ хүсээд байгаа хэмжээнд бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хийж чадна.

Өнөөдөр хэрэглэгчид маань гурил авъя гээд байдаг бид түүхий эдийн дутагдлаас болоод нийлүүлж чадахгүй байгаад байна. Тийм учраас түүхий эдийнхээ нөөцийг бүрдүүлэхийн тулд тогтвортой санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй юм байна гэж үзсэнтэй холбоотой. Дээр нь нэмж хэлэхэд өнгөрсөн 20 гаруй жил хамт байсан болон шинэ хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай урт хугацаанд хамтран ажиллахыг хүсэж байна.

- Нэмэлт хувьцааг худалдан авснаар илүү олон хүнд энэ салбарт оролцох боломж бүрдэж байна. Та хөрөнгө оруулагчиддаа юу амлаж чадах вэ?

- Бид тоног төхөөрөмж, үйлдвэртээ хийх хөрөнгө оруулалттаа хангалттай хийлээ. “Хөвсгөл Алтандуулга”ХК-д одоо томоохон хэмжээний шинэчлэл хийх шаардлагагүй. Тэгэхээр эдийн засгийн өсөлт, үр ашигт анхаарч ажиллах цаг нь болсон.
Одоо түүхий эдээ хангалттай нөөцлөөд, борлуулалтаа хийгээд явахад өсөлтөө үзүүлж, тооцоолсон үр ашигтаа хүрч чадна. Үнэт цаасны танилцуулгад тусгасан эдийн засгийн тооцоолол бол манай компанийн боломжийг хамгийн багаар тооцсон үзүүлэлт байгаа. 

Манай компани өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас үйл ажиллагаа маань цаашид эдийн засгийн өсөлтөө хангаж, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчиддаа тогтвортой өсөлттэй хувьцааны өгөөж хүртээж чадна гэдгийг амлах байна.Энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд манайх бүтээгдэхүүнээс БНХАУ, Тайванийн үйлдвэрлэгчид дээж авч шинжилж үзээд худалдан авах санал ирүүлж байсан тохиолдолууд бий. 

Гэхдээ төр засгийн зүгээс дотоодын хэрэглээгээ бүрэн хангах хүртэл экспортыг хориглосон байгаа учраас гаргах боломж байдаггүй. Харин улаан буудайгаас бусад тарималаар бүтээгдэхүүн хийгээд, тухайлбал, малын тэжээлийг гаргах бүрэн боломж байгаа. Энэ чиглэлээр бид хангалттай хэмжээний судалгаа хийсэн.

- Компанийн менежментийн баг нь хөрөнгө оруулагчдад, төдийгүй компанийн өсөлтөд маш чухал байдаг. Энэ тал дээр танай компани ямар бодлоготой байдаг вэ?

- Манай компани энэ хавар Төлөөлөн удирдах зөвлөлөө бүрэн шинэчилсэн байгаа. Ингэхдээ компанийн үйлдвэрлэл, өсөлт, хөгжилд хэрэгтэй гэж үзсэн мэргэжлийн хүмүүсийг хувьцаа эзэмшигчдийн зүгээс оруулсан. Тухайлбал, хөдөө аж ахуйн 2 доктор, хууль, эдийн засаг, эрсдлийн удирдлагын мэргэшсэн хүмүүс орсон. 
Цаашдаа ч энэ бодлого, уламжлалаа баримтлаж ажиллах байх. 

- Засаглал, мэдээллийн ил тод байдал бол хөрөнгө оруулагчдын танай компани руу хүрэх гүүр. Компанийн гүйцэтгэх удирдлагын хувьд үүнийг сайн хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ?

- Манайх өөрөө хувьцаат компани учраас засаглал, ил тод байдлыг хангах үүрэгтэй. Түүнийгээ ч өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудад хууль журмын дагуу зохих мэдээ, тайлангаа цаг хугацаанд нь тогтмол өгч ирсэн.

Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай компанийн үйл ажиллагаа хувьцаа эзэмшигчдийнхээ нүдэндээр явагдаж ирсэн гэж хэлж болно. Манай компанийн хувьцааны 20 гаруй хувийг орон нутгийн иргэд эзэмшиж байдаг. Тэгвэл бид юу хийгээд байна, юунд зориод ямар ажил хийж байгаа нь тэнд оршин сууж байгаа хувьцаа эзэмшигчдийн маань нүдэн дээр нь ил тод харагдаж байлаа. Бүр зарим хувьцаа эзэмшигчид маань ойлгохгүй байгаа, мэдэхгүй байгаа зүйлээ шууд манай дээр ирж, надтай уулзаад асууж лавлаад явж ирсэн дээ. Тийм болохоор цаашид бид хууль журмаа, засаглалын кодекс, зарчмуудаа баримтлан бүх хувьцаа эзэмшигчтэйгээ илүү ойр байх болно.
Өнөөдөр компаниуд ногдол ашгийн идэвхитэй бодлого баримтлах нь нэмэгдэж байна. Хөвсгөл Алтандуулга ХК-ийн ногдол ашгийн бодлогыг сонирхвол өнгөрсөн хугацаанд манай компани төдийлөн их ногдол ашиг олгож байгаагүй. Үүнд нэг онцлог байдаг. Дээрх хэлсэнчлэн манай хувьцааны тодорхой хувийг тариалангийн сангийн аж ахуйд ажиллаж байсан орон нутгийн иргэд эзэмшдэг. Тэд нар маань биднийг дандаа дэмжин ажиллаж байсан болохоор ногдол ашиг олгооч гэж нэг их шаардаж байсангүй. Гол нь компанийг хөгжүүлэх чухал гэдэг байсан. 

Харин одоо ногдол ашиг олгоно гэж яагаад эргэлзэхгүй, итгэлтэй хэлээд байгаа гэвэл компанид хэрэгтэй техник, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлүүдээ бүрэн хийчихсэн. Тодруулбал, 2006 оноос хойш 4.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг компанидаа хийгээд байна.

Өнөөдрийн хэмжээнд хүртэл компаниа өсөн дэвшихийг тэвчээртэй хүлээсэн хувьцаа эзэмшигчид маань ч гэсэн ногдол ашиг авахыг хүсэж байгаа байх. Тиймээс бид цаашид ногдол ашгаа жил бүр нэмэгдүүлэх бодлого баримтлах болно.

- Эцэст нь асуухад таван жилийн дараах Хөвсгөл Алтандуулга компанид өнөөдрийнхөөс ямар өөрчлөлт гарсан байх вэ?

- 5 жилийн дараа бидний төлөвлөж байгаагаар манай газар тариалангийн үйлдвэрлэл одооныхоос 3 дахин, гурилын үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалт ямар ч байсан 100% -д хүрсэн байна. Дээр нь бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, Алтандуулга гэдэг нэртэй бүтээгдэхүүний нэр төрөл олон болсон байна. Жишээ нь, одоо манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг эгнүүлээд тавьбал 1.5 м орчим урт болдог юм. Үүнийг дор хаяж 3 метр урт болсон байна байх  /инээв/

- Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

- Баярлалаа. Манай компанийн нэмж гаргаж байгаа хувьцааны талаар сонирхож байгаа хүмүүс андеррайтер компанийн 7011-2166, 9902-2166 утсаар мэдээлэл авах боломжтой  байгааг дуулгая.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.