Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны үед олзолсон сүмийн хонхнуудыг АНУ-аас Филиппинд буцааж өгөхөөр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Зуу гаруй жилийн өмнө Филиппинд явуулсан залхаан цээрлүүлэх ажиллагааны үеэр олзолж авсан сүмийн хонхнуудыг АНУ-ын тал буцааж өгөхөөр болсноо Ням гарагт зарлажээ.

Филиппиний зүүн хэсгийн Самар арлын Балангига хотын католик сүмээс 1901 онд Америк цэргүүд гурван хонхыг дайны олз болгон авч явсан байдаг. Тухайн үед Филиппиний босогчид Америкийн 34 цэргийн амийг хөнөөсний дараа Балангига хотод залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулж байжээ. Уг явдлыг АНУ-ын шинэ үеийн колоничлолын түүхэнд хамгийн их цус асгаруулсан тохиолдол гэж үздэг.

Хэдэн зууны турш Испаний колони байсан Филиппинийг 1898 онд Америк-Испанийн дайны дараа АНУ колонио болгож байв. 1946 онд Филиппин АНУ-ын колоничлолоос салж, тусгаар тогтнолоо олсон юм.

Алдагдсан гурван хонхны хоёр нь Вёминг муж дахь дайнд амиа алдсан Америк цэргүүдийн дурсгалын цогцолборт байрладаг бол нэг нь Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазад байрладаг байна.

1998 онд Филиппиний ерөнхийлөгч асан Фидел Рамос хонхнуудаа буцааж авахаар Вашингтонд хэлэлцэж байсан ч үр дүнд хүрээгүй юм.

Одоогийн ерөнхийлөгч Родриго Дутерте ч хонхны асуудлыг байнга сөхдөг байв. Өчигдөр Дутертегийн засаг захиргаа АНУ-ын эрх баригчдын шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: AFP