2018/12/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.78₮
B32
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-20°
19:00
S32
-20°
20:00
S32
-21°
21:00
S32
-21°
22:00
S32
-22°
23:00
S32
-23°
00:00
S44
-23°
01:00
S44
-24°
02:00
S28
-23°
03:00
S28
-23°
04:00
S26
-23°
05:00
S26
-23°
06:00
S26
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ариунтуяа: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд байгалийн нөөцийг бага ашиглах хэрэгтэй

С.Уянга
2018 оны 8 сарын 13
Зууны мэдээ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Энэ удаа Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа болон дасан зохицох талаар БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ариунтуяаг урилаа.

 ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН БАЙГАЛИЙН ХҮНДРЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН АЧАА НЭМЭГДСЭЭР БАЙНА

 -Бүхий л зүйл цаг үе, нөхцөл байдалтайгаа зохицон хувьсаж байдгийн адилаар уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан улам хурдсаж буй дэлхийн дулаарал, байгаль, орчин, экосистем болон нийгэм эдийн засагт учирч буй сөрөг нөлөөллөөр хүн төрөлхтний амьдралын хэв маяг гэх мэт маш олон хүчин зүйл нэгнээсээ шалтгаалан өөрчлөгдсөөр байдаг.

Байгаль дэлхий гэдэг нэг бүхэл. Энгийнээр хэлэхэд дэлхий хүний биеийн бүтэц шиг бусдадаа нөлөөлж байдаг. Нарнаас шууд ирэх хэт ягаан туяанаас дэлхийг хамгаалж байдаг Озоны давхаргаар жишээ авъя. 1970-1980-аад оны үед эрдэмтэд озоны давхаргыг цоорсон тухай ярьж эхэлсэн. Тэгвэл энэ давхарга яагаад цооров. 1850-аад оноос аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн. Даацаасаа хэтэрсэн үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг дагасан шаталт, хөргөлтийн системүүд  бодисын хэрэглээ голлох хүчин зүйл болсон.

Халуун орнууд хөргөлтийн, хүйтэнд дулаалгын, эрчим хүчний хэрэглээ болон хүнд үйлдвэржилтийн технологийн шинэчлэлээс шалтгаалсан хүлэмжийн хий, бусад байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг бодисын талаар яригдсан. Эндээс харахад озоны давхарга цоорсон нь дэлхийн дулаарлыг улам нэмэгдүүлж,  ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдац улам нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үздэг.

Дэлхийд уур амьсгалын өөрчлөлт хэт дулаарах, хүйтрэх зэргээр  хэлбэлзэлтэй байна. Цаашид ч дулаарал явагдахыг ихэнх судалгаа харуулж байгаа төдийгүй бүс нутаг, улс оронд харилцан адилгүй байгаа ч сөрөг нөлөө үзүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт далайд гарцгүй орнуудын хувьд цөлжилт, газрын доройтол нэмэгдэх, хур тунадас багасах, цас мөс хайлах зэргээр явагдаж байгаа бол арлын жижиг улсуудад далайн түвшин нэмэгдэн хуурай газрын хэмжээ багасаж байна.

Харин хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад эдийн засгийн болон байгалийн хүндрэл, үүрэх ачаа нэмэгдсээр байна. Нөгөө талаараа өндөр хөгжилтэй орнуудын хувьд хэвшиж тогтсон үйлдвэрлэл буюу бизнесийн хэв маягийг өөрчлөх, технологийн шинэчлэл, санхүүжилт зэргээр бусад улс орнуудыг манлайлах хариуцлага нь өссөөр байна. Олон улсад эрдэмтэн, судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон арван жилийн өмнөөс судлан анхааруулж эхэлсэн ч бодитоор бууруулах, аль хэдийн өөрчлөгдөөд эхэлсэн байгаль, цаг уурын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох вэ гэдгийг улс орнууд 1990 оноос эхлэн өөрсдийн хэмжээнд хариу арга хэмжээ авч эхэлсэн гэхэд болно.

Сүүлийн жилүүдэд өмнө байгаагүйгээр хэт их халж байна гэх  статистик датаны давтамж ихэслээ. Хаа сайгүй гал түймэр, үер усны аюул, хэт халалт хөрөлт зэрэг хүнээс үл шалтгаалсан байгалийн гамшиг ихэссээр байна. Энэ нь мэдээж дан ганц уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар гэхгүй ч харилцан нөхцөлдүүлж байгааг эрдэмтэд төдийгүй төр засгийн хэмжээнд мэддэг, хүлээн зөвшөөрдөг, бууруулах болон дасан зохицоход чиглэгдсэн боломжит арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

 АГААРЫН ТЕМПЕРАТУР 2.24 ХЭМЭЭР НЭМЭГДЭЖ, ХУР ТУНАДАС 7.3 ХУВИАР БУУРСАН

БЛИЦ

Боловсрол:

  • МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль
  • ИБУИИВҮ-ийн Вестлинистсрийн их сургуулийн Лондонгийн  дипломатын академи, Магистр
  • БНСУ-ын Ёонгнамын их сургууль-Байгал орчны менежмент, Магистр

 Сонгуульт ажил:

  • 2007-2009 онд: Тогтвортой хөгжлийн сургалт судалгааны төслийн менежер
  • 2008 онд: МУЗН Гадаад харилцааны ажилтан
  • 2010 онд: ОУУЗҮХСН-н төсөлд менежер
  • 2011 онд: БОАЖЯ
  • Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай Бонн-ы конвенцийн удирдах хорооны гишүүн
  • Даян дэлхийн байгаль орчны сангийн удирдах хорооны гишүүн

-Бусад улс орныг хэлэлтгүй бид ч уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, магадгүй хэт эмзэг гэдгээ мэдэрч энэ талаар сонирхож ач холбогдол өгч анхаарахаас өөр аргагүй болж байна. Гэхдээ эх газрын эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс өндөрт байрладаг, жилийн дөрвөн улиралтай, хур тунадас бага, нүүдлийн уламжлалт сэтгэхүйтэй бидний хувьд өөрчлөгдөх, түүнийг хамгийн эхэнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй санагддаг.

Жишээ нь, энэ зуны хувьд л гэхэд их хэмжээний бороо орж, хэт халлаа. Манай улсын хувьд хүн амын суурьшил нягтралаас үүдээд эзгүй газрын уулын үер, хөрсний гулсалт, цасан нуранги зэрэг үзэгдэл тэр бүр анзаарагдахгүй өнгөрөх тохиолдол байдаг. Түүнчлэн, салхи шуурга, үер уснаас учрах хохирол байгалийн үзэгдлээс гадна хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалах нь ихсэж байна. Уур амьсгалын ерөнхий дулаарлын нөлөөгөөр Монголд өмнө тохиолдож байгаагүй үзэгдэл бий боллоо.

Тухайлбал, цэвдгийн хайлалтын улмаас хөрсний гулсалт, уул нуруудад цасан нуранги үүсэх, аянга цахилгаан, нөөлөг салхи, салхийн хүч дагасан шороон болон цасан шуурга давамгайлж байгаагийн дээр, үүнд хүний болгоомжгүй үйлдэл дэм өгч, болзошгүй гарз хохирлыг нэмэгдүүлэх магадлал өндөр болж байна.

Тухайлбал, Монгол орны нутаг дэвсгэр дээр цаг уурын байнгын хяналт шинжилгээний ажиглалт, хэмжилт хийж эхэлсэн 1940-өөд оноос хойш өнөөг хүртэл уур амьсгалын тодорхой үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж ирснийг харуулах бодит мэдээлэлд тулгуурласан дүгнэлтээс үзвэл өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Монгол орны хэмжээнд дунджаар агаарын температур 2.24 хэмээр нэмэгдэж, хур тунадас 7.3 хувиар буурсан.

Үүний зэрэгцээ, ган гачиг, зуд турхан зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа, хур тунадасны жилийн дундаж хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй, ууршилт эрчимжиж, нийт нутгаар хуурайшилт давамгайлах хандлага илэрч байна. Жишээлбэл, 1940-2016 оны хооронд нийт нутгаар дунджилсан нийлбэр ууршиц ба дулаан үеийн хур тунадасны явцыг авч үзвэл хур тунадасны хэмжээ 22.9 мм-ээр буурсан боловч, дэвсгэр гадаргын ууршиц 128.5 мм-ээр нэмэгдсэн.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн нэг хувь нь хүлэрт намгархаг газар байгаа нь 1960, 1970-аад оны судалгаатай харьцуулахад 50 хувь буурснаар байгаль, экосистемийн өөрчлөлт, үүнийг дагаад биологийн олон янз байдалд ч нөлөөлж эхэлсэн. 1999 оноос зудын давтамж ихэссэн. Хамгийн ойрын жишээ авч үзэхэд 2017 онд ургац алдаад  зогсохгүй 2014 оны торнадо маягийн байгалийн гамшигт үзэгдлүүд тохиолдож буй явдлыг шинжлэх ухааны үндэслэл судалгаатайгаар тайлбарлах, олон нийтэд таниулах, бэлэн байдлыг ханган ажиллах, шат шатандаа бэлтгэлтэй байх шаардлагатайг харуулж байна.

ШИНЖЛЭХ УХААНЧ БАЙЯ ГЭВЭЛ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД АНХААРАХААС ӨӨР АРГАГҮЙ

-Сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн тоо 1.5 дахин нэмэгдэж, газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой судалгаа шинжилгээний ажлыг улам өргөтгөж байнга нарийвчлан шинэчилж байх, судалгааны ажлын үр дүн, зөвлөмж, улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах эрсдэл, тулгарч байгаа сорилт, саад бэрхшээлийг даван туулах нь чухал ач холбогдолтой. Дотоодын болон гадны судалгаа төдийгүй жил бүр шахуу гардаг Дэлхийн эрсдэлийн илтгэлээс авхуулаад томоохон байгууллагуудын тайлан үнэлгээг уншиж судалж байх хэрэгтэй.

Мөн бусдын алдааг давтахгүй, боломжийг эрэлхийлж үнэхээр шинжлэх ухаанд суурилсан бодлогын баримт бичиг боловсруулах, шинжлэх ухаанч төр байя гэвэл бид энэ чиглэлд анхаарахаас өөр гарцгүй болж байна. Байгалийн цочмог болон аюулт үзэгдлүүд нь улс орны хөгжил, нийгэм эдийн засаг төдийгүй зарим зүйлийн хортон мэрэгч, хорхой шавжийн үржлийг нэмэгдүүлэх, харь төрлийн өвчин гарахад заяамал дархлаа байхгүй бидний хувьд өртөх магадлалтай учраас уур амьсгалын өөрчлөлтийг дан ганц байгаль, орчны асуудал хэмээн харалгүй бүхий л талаар хүчин чармайлт гаргах нь чухал.

Хүчин чармайлтын тухай асуулттай урган гарах нэг сэдэв нь “Бид Монгол Улс өөр амьсгалын өөрчлөлтөд бэлэн үү, бэлтгэл хэр явагдаж байна вэ. Бид улс орны хөгжлийн тухай ярихдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгмийн баталгааг чухалчлах нь зөв ч НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2014-2015 онд хийсэн судалгаагаар Монгол Улс ДНБ-ний нэг ам долларыг үйлдвэрлэхдээ байгалийн болон бусад нөөцийн 14 доллартай тэнцэх хэмжээний зардал гаргаж байгааг харуулсан байсан. Энэ хэр үр ашигтай, холч ирээдүйг харсан, бидний яриад байдаг ногоон тогтвортой хөгжлийг бүтээн ирээдүй хойч үедээ үлдээх зорилгод, зарчимд хэр нийцэж байна вэ.

Манай улс байгаль орчны салбарт 12 конвенц, тэдгээрийг дагалдах зургаан протокол хэлэлцээрт нэгдэн ороод байна. Хамгийн сүүлд 2016 онд манай улс Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Парисын хэлэлцээрийг баталж, салбар бүрээр нь дундажлан хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14 хувиар бууруулна гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн хөгжил одоогийн буюу “хүрэн” чиг маягтай хэвээр явбал 2030 он гэхэд хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгаруулах вэ, үүнийг өөрчлөөд ногоон хөгжлийг бүрдүүлэхэд чиглэсэн технологийн дэвшлийг нутагшуулснаар хэд гарах боломжтойг тооцоолон гаргасан хувь гэж ойлгож болно.

Дэвшилтэт технологийн хажуугаар уламжлалт болон дасан зохицсон арга ажиллагаануудыг авч хэрэгжүүлж байж зорилгодоо хүрэх боломжтой.  Уур амьсгалын өөрчлөлтөд бид бэлэн байна уу гэвэл бэлтгэлээ хангах түвшинд байна. Учир нь аливаа зүйлд бэлэн гэхээс илүү тийм чадавхыг бүрдүүлэх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох хүрээнд төрөөс гарч буй бодлого, шийдвэр, хөтөлбөрүүдэд тусган зохицуулалт, менежментийн ажлууд хийгдэж байна. Монгол Улс харьцангуй сайн хэмжээнд боловсруулан гаргасан бодлого, хөтөлбөр, баримт бичгүүдтэй.

Тэдгээрийг хэрэгжүүлэх, үр нөлөөг бодитоор тооцоолох ажилд анхаарах, энэ хүрээнд манлайлах удирдагчдыг бэлтгэх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал гэхээр эрчим хүчний ялангуяа сэргээгдэх чиглэл рүү түлхүү анхаарах хандлагатай байна. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт аж үйлдвэр, дэд бүтэц, барилга байгууламж, зам тээвэр, мал аж ахуй, газар тариалан, боловсрол, хүнс, аюулгүй байдал, түүгээр ч барахгүй эрүүл мэндийн салбарт хүртэл хамаатай. Тийм ч учраас зарим салбар уур амьсгалын өөрчлөлтөд төдийлөн анхаарахгүй идэвх оролцоо сул, салбарын уялдаа холбоог ойлгохгүй  байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

2017 оноос Байгаль орчин ногоон хөгжлийн яам хамтрагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улс Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хэр хангаж байгаа,  системчилсэн 10 алхамт аргачлалын хүрээнд бүхий л төрийн болон голлох судалгааны байгууллагуудын мэдээллийг нэгтгэж  дуусаж байна. Энэ баримт бичгийн зөвлөмжөөс харвал уялдаа холбоог сайжруулах, аливааг том зургаар тооцоолж, томьёолох нь маш чухал байгааг бидэнд сануулсан.

Гадны хамтрагчдын хэлдгээр монголчууд “миний юм, манай юм” гэсэн хандлагаар бусадтай хуваах, хамтрах талаар бага суралцаж яваа хөгжиж буй, өвөрмөц ард түмэн. Энэ сэтгэхүй, хандлагаа өөрчлөх нь асуудлыг шийдвэрлэх нэг боломж мэт. “Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө засах” гэсэн зарчмыг шинэ үеийн засаглалын тодорхойлолт гэж үзвэл зөв хүн болж төлөвших, нийгмийн нэг харилцагч байх үндсэн ухагдахуун юм. Олон улсын санхүүгийн болон байгаль орчны байгууллагууд, донор орнуудын дэмжлэгтэйгээр боломжит бүхий л хэлбэрийн хамтын ажиллагааг хөгжүүлж, солонгоруулж, улам идэвхжүүлэхийг зорин ажиллаж байна.

ХОГ ХАЯГДЛАА АНГИЛАХ НЬ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛНА

-Монгол Улс хүлэмжийн хийг бууруулахаас гадна уур амьсгалын нөхцөл хүндрэхэд  хэрхэн дасан зохицох вэ гэдэг нь чухал. Тухайлбал, мөнх цэвдэг хайлж, хэт хуурайшилтаас болж зарим нутагт булаг шанд ширгэж, хусан ой тэр чигээрээ хатаж, бэлчээрийн гарц муудаж байгаа ийм нөхцөлд бид яаж амьдрах вэ.  Яаж усны нөөцийг арвижуулах вэ. Хур тунадасны ихэнх хувь нь эргээд ууршчихдаг.

Олон жилийн судалгаа, мониторингоос харахад хур тунадас татарч, шиврээ биш аадар хэлбэрээр орох нь зонхилж, цасны хэмжээ нэмэгдэж байна. Хур тунадас, ууршилтын өөрчлөлтийг дагаад хөрсний болон гүний ус сэлбэлт, гол горхийн урсцад сөрөг тал руугаа өөрчлөлт орох, мөнх цас хумигдаж, мөсөн гол агшсаны улмаас тэдгээрээс тэжээл авдаг булаг шанд, гол горхины ус багасах, ширгэх аюул нүүрлэж байна.

Эндээс ерөнхийлөн авч үзвэл байгалийн бүс хойшоо буюу хойд туйл руу дөхөх байдлаар шилжиж, байгалийн бүслүүр уул өөдөө мацах байдлаар дээшээ огших хандлага ажиглагдаж байна. Бэлчээрийн ургамлын бүрдэл өөрчлөгдөж, бэлчээрийн даац хэтэрч, амьтны аймгийн өсөлт үржилтэд нөлөөлж болзошгүй зэргээр олон хүндрэлүүд бий болж цаашид ч нэмэгдэхээр байна.

Нэг талаараа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахыг эрмэлзэх, нөгөө талаар нэгэнт тулгараад буй бэрхшээлд дасан зохицох, урвуулан ашиглах нь бидний өөрсдийн хандлага, үйл ажиллагаанаас хамаарна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрахын тулд хур тунадасны усыг тогтоон барьж, усны нөөц үүсгээд, түүгээрээ тариа ногоо услах боломж бий. Ус чийгийг газарт шингээхийн тулд ургамалжуулах хэрэгтэй. Үүний тулд мод бут тарихаас гадна ой мод өөрөө байгалийн аясаар тэлж, нөхөн сэргэх нөхцөл бүрдүүлэх ёстой. Хөдөө аж ахуй, газар тариалан ой, ногоон ажлын байр гэсэн хэсгүүд рүү түлхүү орох ёстой.

Хөдөө аж ахуйн салбарт гэхэд газрын доройтол, хөрсний элэгдэл, ургамал тарчигхан болж байна. Тиймээс мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох хэлбэрээр авч үлдэх вэ гэвэл фермийн аж ахуй эрхлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, мал аж ахуйн менежмент, ой хамгаалал хэрэгтэй.

Аль нь байгальд ээлтэй мөртөө үр ашиг нь өндөр байна гэдэг аргачлал юм. Энэ ойлголтыг түгээх зорилгоор нутгийн иргэдэд түшиглэсэн нөхөрлөл, бүлэглэл сүүлийн үед бий болж байна. Нутгийн иргэдэд түшиглээд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хамгийн сайн жишээ гэвэл ой, байгаль хамгаалах нөхөрлөл. Амьдралынхаа хэмнэл, зуршлаар бэлтгэл ажлаа хангаад дасан зохицоод явахгүй бол хэзээ ч бэлэн байдлыг хангана гэж байхгүй.

Харин иргэдийн хувьд хамгийн эхлээд эрчим хүчийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Хамгийн наад зах нь цахилгаанаа салгах, дулаанаа хэмнэх хэрэгтэй. Эрчим хүчний алдагдал эргээд байгалийн нөөцийг буруу ашиглах зохицуулалт болж өгдөг. Эрчим хүч үйлдвэрлэх явцад уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй сөрөг нөлөөлөл багасна. Мөн хог хаягдлаа ангилж хаях нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйлдэл юм.

Монголын нөхцөлд хэцүү ч хүмүүс худалдан авалт хийхдээ чанар, элэгдлийг нь тооцох хэрэгтэй.Элэгдэл ихтэй, чанаргүй автомашинууд гэхэд химийн бодис ихээр ялгаруулж тэр нь агаарт дэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Хувцас, эд зүйлсийг богино хугацаанд хэрэглээд хаяж байгаа нь эрэлт нийлүүлэлт эдийн засгийн үр ашигтай байж болох ч наад зах нь нэг удаагийн сальфетка үйлдвэрлэхэд хэр их байгалийн нөөц орох вэ. Үүний оронд олон удаагийн зүйл хэрэглэвэл байгалийн нөөцийг хэр их хэмнэх вэ зэргээр зөв хуваарилалт, зохистой хэрэглээ чухал.

Ер нь дэлхий нийтээр нэг удаагийн хэрэглээ, хуванцрын үйлдвэрлэлийг хянаж чадахаа больж, яавал байгальд хор хөнөөлгүйгээр  устгах вэ гэдгээ шийдэж чадаагүйгээс ус хөрсний бохирдол маш их явагдаж байна. Байгальд шингэсэн энэхүү бохир өвс ногоог мал идэж, бид махыг нь идэж байна. Энэ мэт олон боломж бий. Ингээд үзэхээр уур амьсгалын өөрчлөлт нь улс орны нийгэм, эдийн засаг болоод хүн ардын амьдралд нөлөөлөх талаасаа том бэрхшээл үүсгэж магадгүй ч учрыг нь олж  гарцыг нь хайвал олон янзын боломжийг давхар олгож байна.

x