Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Наранд хамгийн их ойртож очих NASA-гийн хөлөг хөөрлөө

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зүүн эргийн цагаар Ням гарагийн өглөө Delta IV Heavy аварга пуужин сансарт хөөрлөө. Уг пуужин “Parker Solar Probe” нэртэй нарны атмосферыг судлах хөлгийг тээж яваа юм.

Хөөргөх ажиллагаа Бямба гарагт төлөвлөгдсөн байсан ч техникийн асуудлаас болоод бага зэрэг хойшилжээ. Parker Solar Probe (PSP) нь түүхэнд наранд хамгийн их ойртох хүн төрөлхтний элч болж байна.

Нар руу аялах маш хэцүү. Учир нь Дэлхий Нарыг цагт 108,000 км харьцангуй хурдтай тойрон эргэж байдаг. Нарны аймгийн төв рүү аялахын тулд PSP хөлөг дэлхийн эсрэг чиглэлд дээрх хурднаас илүү хурдтай хөөрөх хэрэгтэй болно.

Тийм ч учраас маш хүчтэй Delta IV Heavy пуужинг ашиглаж байгаа юм.

Зөвхөн пуужин нь ийм хүчтэй байгаад зогсохгүй нар руу спирал хэлбэрийн замаар ойртохын тулд PSP нь 430,000 миль/цаг (700,000 км/цаг) хурдтай нисэх ёстой.

Тиймээс PSP нь хүний бүтээсэн техникээс хамгийн өндөр хурдтай нь болж байна.

Нарны аялалын дэлхийгээс хөөрөх агшинг дараах дүрснээс үзнэ үү.

Эх сурвалж: NASA