Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Каспийн тэнгисийн хууль эрх зүйн статусыг таван орны удирдагч хэлэлцэж баталлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Казахстаны Актау боомт хотод Азербайжан, Иран, Казахстан, Орос, Туркменистан таван улсын удирдагчид цуглаж, тэдний дунд 20 гаруй жилийн турш маргаантай байсан Каспийн тэнгисийн хууль эрх зүйн статусыг хэлэлцэн баталжээ.

Уг хэлэлцээрт яг ямар нөхцөл тусгасан талаар удирдагчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ “хэлэлцээр байгуулснаар улс орнуудын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байна” гэж сайшаажээ.

Ираны ерөнхийлөгч Хассан Рухани газрын тос, байгалийн хийгээр баялаг Каспийн тэнгисийн нөөцийг ашиглахын тулд эрэг хавийн орнуудын дунд нэмэлт гэрээ байгуулах хэрэгтэйг онцолж, хэлэлцээрт Каспийн тэнгист эрэггүй улс орнууд цэргийн ажиллагаа явуулахыг хориглосныг сайшаасан байна. Тэрээр “Каспийн тэнгис бол зөвхөн Каспийн улсуудад хамаатай” гэж мэдэгджээ.

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дээрх хэлэлцээрийг байгуулснаар усан дор газрын тос, байгалийн хийн хоолой байрлуулах боломжтой болж байгаа, мөн улс орнууд загасчлалын квоттой болж байгааг онцолсон байна.

Хэлэлцээрийг батлах ажиллагаанд бас Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев, Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нар оролцсон юм.

Каспийг тэнгис гэх үү, нуур гэж үзэх үү гэсэн маргаан хуучин ЗХУ болон Ираны хооронд өрнөсөөр 1991 онд шинээр тусгаар тогтносон орнууд нэмж оролцсон маргаан болж үргэлжилсэн байдаг.

Хэрвээ тэнгис гэж үзвэл таван улс хил хязгаараа эргээс ахиулж, хоорондын усан хилтэй болох байв. Харин нуур гэж үзвэл Каспийн байгалийн баялаг нь таван орны хооронд тэгш хуваарилагдах ёстой юм.

Энэхүү маргааныг шийдвэрлэхээр таван улс 1996 оноос эхлэн ажиллаж эхэлжээ. Каспийн тэнгисийн ёроолд 50 тэрбум баррел газрын тос, 9 их наяд куб метр байгалийн хийн батлагдсан нөөц бий гэдэг. 

 

Эх сурвалж: Reuters