Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Туркийн металлын татварыг нэмж, лирийн ханшийг доод цэгт нь хүргэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын засаг захиргаа Туркийн эсрэг эдийн засгийн хориг хэрэгжүүлэхээ зарласнаар Турк лирийн ханш 2001 оны санхүүгийн хямралын үеэс хойш нэг өдрийн дотрох хамгийн том уналтыг үзүүллээ.

Дональд Трамп өчигдөр Туркийн хөнгөнцагаанд 20 хувь, ганд 50 хувийн импортын татвар оноох болсноо зарласан юм.

Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард Вашингтон дэлхийн хэд хэдэн орны металлын импортод татвар оногдуулж байсантай харьцуулахад хоёр дахин 

өндөр хэмжээ гэсэн үг.

Үүний дараа Туркийн лирийн ам.долларын эсрэг ханш даруй 18 хувиар унасан байна.

Туркийн ерөнхийлөгч Эрдоган өчигдөр олон нийтэд хандаж үг хэлэхдээ хадгалж байгаа алт, доллар, бусад валютаа зарж, гадны эдийн засгийн түрэмгийллийн эсрэг тэмцэхийг иргэдэдээ уриалсан байна.

“Хэрвээ дэрэн дороо алт, доллар хадгалж байгаа хүмүүс байвал өөрийн банкууд руу очиж лирээр солиулах хэрэгтэй байна. Энэ бол үндэсний эрх ашгаа хамгаалах тэмцэл юм” гэж тэр хэлжээ.

Эрдоган “Зарим улс орон төрийн эргэлт хийсэн хүмүүсийг хамгаалж, хууль бус үйлдэл гаргаж байна. Ийм ааш авир гаргаж байгаа улсуудтай бид эцсээ хүртэл тулалдахаас өөр аргагүй” хэмээн хэлээд эдийн засгийн дайн эхэлж байгааг анхааруулсан байна. Эрдоганы бодлогоос болоод лирийн ханш энэ оны эхнээс 40 хувиар унаад байгаа. Тэгвэл өчигдөр анх удаа богино хугацаанд огцом, чөлөөт уналтыг үзүүлсэн юм.

Турк улс нь АНУ-ын Ойрх Дорнод дахь цэргийн баазыг нутаг дэвсгэр дээрээ байрлуулдаг, 1950-аад оноос эхлэн NATO-гийн гишүүн болсон.

Гэвч сүүлийн жилүүдэд гол холбоотон Вашингтонтой олон асуудлаар сөргөөцөлдөх болсон юм.

Тухайлбал 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулагч гэж үздэг Фетуллах Гюленийг АНУ-аас шилжүүлж авахыг удаа дараа шаардаж байгаа ч АНУ зөвшөөрөхгүй байна.

Мөн Туркийн тал ОХУ-аас пуужингийн хамгаалах систем худалдаж авахаар ярилцаж байгаа нь Цагаан ордныг бухимдуулж байгаа. Хамгийн сүүлд АНУ-ын иргэн, шашны номлогч Брансоныг Анкарагийн эрх баригчид 2016 оны төрийн эргэлтийг дэмжсэн хэмээн буруутгаж хориод байгаа.

Вашингтон иргэнээ суллуулахаар сүүлийн сар орчим хугацаанд ажиллаж байгаа ч Туркийн засгийн газартай хэл амаа ололцож чадахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters