Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш бүх нийтээрээ нийслэлийн шарилж, луулийг цэвэрлэнэ

www.ulaanbaatar.mn
2018 оны 8 сарын 10
ulaanbaatar.mn
Зураг зураг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зургаадугаар сараас эхлэн наймдугаар сарын дунд үеийг хүртэлх хугацаанд хоёр үе шаттай зарлаж, аж ахуйн нэгж байгууллагыг ойр орчны шарилж, луулийг цэвэрлэхийг уриалан ажиллаж байна.

Аяны нэгдүгээр үе шатанд бүх нийтээр шарилж лууль цэвэрлэх өдрийг зургадугаар сарын 29, 30-ны өдөр зохион байгуулсан бол хоёрдугаар үе шатны бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулна.

Маргааш буюу энэ сарын 11-ний Бямба гаригт Аж ахуй нэгж байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн хашаан доторх болон хашааны гадна орчны нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг цэвэрлэнэ.

Харин нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний компанийн зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн ажилчид Чингэлтэй дүүрэгт Тасганы овоо болон хоёр талын үерийн хамгаалалтын далан, Сонгинохайрхан дүүрэгт нэгдүгээр хорооллын арын үерийн хамгаалалтын далан, Хан-Уул дүүрэгт Наадамчдын зам буюу Яармагийн зам дагуу, Баянгол дүүрэгт гуравдугаар нэгдсэн эмнэлгийн хойд талаас зүүн тийш Баруун дөрвөн зам хүртэл үерийн хамгаалалтын далан, Баянзүрх дүүрэгт Арслантай гүүрнээс урагш Сэлбэ гол дагуу, Сүхбаатар дүүрэгт долоон буудал, Ногоон нуурын үерийн хамгаалалтын далан, 100 айлын гүүрнээс урагш Арслантай гүүр хүртэл Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээний ажлыг хийх юм.

Тус аяны хугацаанд дүүрэг бүрт ажил иргэдийг зохион байгуулалтад оруулж, иргэдийн бүлгүүдийг байгуулан гэр хорооллын гуу жалга, эзэнгүй хашаа, нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг тогтмол хуваарийн дагуу өдөр бүр цэвэрлүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Наймдугаар сарын 11-ний Бямба гаригт 11:00 цагаас эхлэн 90 минутыг эрүүл мэнддээ зориулцгаая.