Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

4-5 насны хүүхдүүд гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэгдэх боломж бүрджээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн A/487 дугаар тушаалаар “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” батлагджээ. Ингэснээр сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдах боломжгүй, 4-5 насны хүүхдүүд эцэг, эхийн тусламжтайгаар гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэгдэх боломж бүрдлээ.

Тус хөтөлбөрийг Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Банкны санхүүжилтээр БСШУСЯ-тай хамтран 2012-2017 онд дөрвөн аймгийн 30 гаруй сумд “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл боловсруулж, нэвтрүүлснээр анх удаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй малчдын хүүхдүүдэд болон эцэг эхэд нь зориулсан сургалтын хөтөлбөр бий болсон юм.

Үүний үргэлжлэл болгон БСШУСын сайдын гаргасан тушаалын дагуу улс орон даяар “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжихээр болоод байна.

Дэлхийн Банкны хийсэн судалгаагаар гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн танин мэдэхүй, хэл ярианы чадварууд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдүүдийнхээс өндөр байсан гэсэн үр дүн гарчээ. Мөн хүүхдүүдийг ийнхүү сургуульд бэлдэх нь тэдний цаашдын хичээл сурлага, амжилтын суурь болох юм.

 
Гэрэл зургийг: Хүүхдийг Ивээх Сан

Хүүхдийг Ивээх Сангийн Боловсролын Хөтөлбөрийн Менежер Ц.Гэрэлтуяа “Өмнө болон одоо хэрэгжүүлж буй ажлын хүрээнд ажиглагдсан зүйл бол эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ тулж ажиллаж, хөгжүүлэхийг хүсдэг ч яаж ажиллах вэ гэдэг арга, барилаа мэддэггүй нь ажиглагдсан. Тийм ч учраас бидний боловсруулсан энэхүү хөтөлбөр нь эцэг, эхчүүдийг малаа маллахын хажуугаар хүүхэдтэйгээ хэрхэн ажиллаж болох вэ гэх арга зүй дээр суурилж боловсруулсан” гэв.

Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр нь:

  • Эцэг эхэд зориулсан “Та өөрөө багш” гарын авлага
  • Хүүхдэд зориулсан “Би чадна” гарын авлага
  • Нэмэлт цахим хэрэглэгдэхүүн
  • Эцэг эхийн сонсдог ном
  • Сургуулийг түшиглэн байгуулсан “Миний номын өргөө” зөөврийн ном, тоглоомын багцаас бүрдэж байгаа аж.

Хөтөлбөр нийт 96 өдрийн турш явагдахаар, нийт 10 багц буюу 100 ширхэг ном, 30 төрлийн тоглоомыг ашиглаж суралцахаар боловсруулжээ.

Хэрэв малчин эцэг, эхчүүдэд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад мэдэхгүй, эргэлзээтэй зүйлүүд тулгарахад эцэг эхэд чиглэл өгөх сургагч багш нарыг сум,аймаг дүүргүүдэд бэлтгэсэн байна. Эдгээр багш нар 7-14 хоногт эцэг, эх хүүхдүүдийн сургалтын явцад хяналт тавьж, зөвлөгөө өгөх үүрэгтэй байна.