Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

2017 онд Бразилд 63,880 хүн алагдсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Бразил улсад хүн амины хэргийн золиос болж 63,880 хүн алагдсан нь түүхэн дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт болсон байна. 

Аллагын тоо өмнөх оноосоо 3 хувиар нэмэгджээ.

Бразилын Олон Нийтийн Аюулгүй Байдлын Форум байгууллагаас гаргасан тайланд үзүүлснээр 2017 оны турш өдөр бүр дунджаар 14 хүн цагдаа нарын гарт алагдсан байна. Энэ нь өмнөх оноосоо 20 хувиар өссөн дүн болжээ.

Мөн тус улс дахь хүчингийн хэргийн тоо өмнөх оноосоо 8 хувиар нэмэгдэж, 60,018 хүрсэн байна. Эмэгтэйчүүдийн амь насыг бүрэлгэсэн хэрэг 6.1 хувиар өсөж, 4,538 болжээ.

Хүн амины хэргийн хохирогсдын ихэнх нь хотуудын ядуу дүүрэгт амьдардаг нас залуу, хар арьст эрчүүд байгааг тус форумын захирал Ренато Сержио Де Лима мэдээлсэн байна.

“Бидэнд хоёр том асуудал байгаагийн нэг нь эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, нөгөө нь гэмт хэргийн бүлэглэлүүдийн хар тамхи, галт зэвсгийн наймаа” гэж тэр онцолсон юм.

Хүн амины хэрэг нэмэгдэх болсон нэг гол шалтгаан нь гэмт этгээдүүд шийтгэлээс мултарч чаддагт байгаа ажээ. Аюулгүй байдлын чиглэлээр бодлого боловсруулдаг Рио Де Жанейрогийн Игарапе Хүрээлэнгийн мэдээлснээр Бразилд нийт хүн амины хэрэг үйлдэгчдийн ердөө 10 хувийг баривчилж, 4 хувийг шийтгэдэг гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.