Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тансаг амьдрал хөөсөн ламд Тайландын шүүх 114 жилийн хорих ял оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-аас жил гаруйн өмнө баривчлан шилжүүлж авсан Буддын шашны ламд Тайландын шүүх өчигдөр 114 жилийн хорих ял оноожээ.

Вирапхон Сукпхон гэдэг энэ ламтны брэндийн нарны шил зүүж, Louis Vuitton цүнх барин хувийн онгоцоор зорчиж яваа гэрэл зураг 2013 онд хэвлэлүүдээр тарж дуулиан дэгдээж байв.

 

Тэрээр дэлхийн хамгийн том Буддагийн хөргийг үнэт чулуугаар бүтээх ажлыг эхлүүлж, олон хүнээс хандив авсныхаа дараа АНУ руу дүрвэсэн юм байна. Гэвч залилан хийсэн, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн хавьталд орсон хэргүүдэд буруутгагдсан ламыг сүүлд АНУ-аас баривчлан авч ирсэн юм.

Сукпхон ламтны өмчлөлд тансаг ангиллын автомашинууд, нийт $700,000-ын дүнтэй банкны данснууд байгааг шалгалтын явцад илрүүлжээ.

Ламтанд мөнгө угаалт, луйвар, онлайнаар хөрөнгө цуглуулах журмыг зөрчсөн зэрэг ялуудыг тулгасан нь нийтдээ 114 жил хорих шийтгэл болсон байна.

Гэхдээ Тайландын хуулийн дагуу Сукпхон ламыг 20-оос дээш жил хорих ёсгүй ажээ. Үүнээс гадна ламаас нийтдээ 28.6 сая бат ($861,700)-ийг гомдол гаргасан 29 хандивлагчид буцаан төлүүлэхээр болсон байна.

Харин ламтанд тулгасан садар самууны хэргийг ирэх аравдугаар сард шүүхээр болжээ.

Тэр насанд хүрээгүй охинтой арваад жилийн өмнө дотносож, хүүхэдтэй болгож байсан юм байна. Хэрвээ шүүх буруутайг нь тогтоовол ламтан дахин 20 жилийн хорих ял сонсох юм.

Тайланд бол Буддын шашинтай орон бөгөөд иргэдийнх нь өдөр тутмын амьдралд энэ шашны сүм хийдүүд чухал үүрэгтэй байдаг.

2014 онд төрийн эрхийг авсан цэргийн дэглэм Буддын шашны лам хуврагуудын өдүүлсэн гэмт хэрэгт хатуу хандах болсон юм.

Луйвар, хүчин, хар тамхины хэд хэдэн хэрэгт санваартнууд холбогдож нийгмийг цочроосон тул өнгөрсөн онд эрх баригчдын дунд лам нарыг дижитал бүртгэлийн карттай болгож, хяналт тогтоох санал яригдаж байжээ.

Өнгөрсөн тавдугаар сард гадаадын жуулчдын гол үзмэрүүдийн нэг Алтан оройт сүмийн хамба ламын данснаас $4 сая илэрч цагдаа нар баривчлан шалгаж байв. Бас тус улсын Буддизмын Үндэсний Холбооны дансанд байсан олон сая доллар ямар зүйлд зарцуулагдсаныг одоо хуулийнхан шалгаж байна.

 

Эх сурвалж: AFP