Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний хомсдолд орсон Япон улс цэргийн алба хаах насны хязгаарыг нэмэгдүүлнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хүн ам нь хөгширч, төрөлтийн тоо буурч байгаатай холбогдуулан Японы зэвсэгт хүчин цэргийн алба хаах насны дээд хязгаарыг өсгөхөөр болжээ.

Ирэх аравдугаар сарын 1-нээс цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 26-аас 32 болгон нэмэгдүүлэхээр болсон тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Одоогийн цэргийн нас буюу 18-26 насны зурваст багтах иргэдийн тоо энэ жил 11 сая байгаа бол 2046 онд 8 сая хүрэхгүй хэмжээтэй болно гэсэн тооцоо гарчээ.

Энэ насныхны тоо 1994 онд 17 сая хүрсэн нь хамгийн дээд хэмжээ нь юм байна. Ерөнхийдөө хүн амын хөгшрөлт нэмэгдэж, төрөлтийн тоо буурч байгаагаас гадна эдийн засгийн бусад салбаруудад ажиллах хүчний хомсдол үүссэнээс цэргийн насныхныг армитай булаацалдах болсон гэнэ.

Үүнээс шалтгаалаад Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин сүүлийн 5 жилийн турш цэргийн алба хаагчийн тоогоо гүйцээж чадахгүй байгаа юм.

Гэтэл сүүлийн жилүүдэд Япон улс Хятад, Өмнөд Солонгостой газар нутгийн маргааны улмаас зөрчил нь нэмэгдэж, Хойд Солонгосын зүгээс пуужингийн довтолгоо ирэх аюултай нүүрлээд байгаа.

Үүнээс гадна Японы арми эмэгтэйчүүдийг цэргийн албанд илүү оролцуулах бодлого барьж эхэлсэн байна. Тухайлбал одоо байгаа зургаан хувийн эмэгтэйчүүдийн квотыг 2030 он гэхэд найман хувьд хүргэх зорилт тавьжээ.

Японы төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэйн насан туршдаа төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2017 онд 1.43 болсон нь 2005 оны түүхэн доод хэмжээ болох 1.26-аас давсан юм. Гэхдээ хүн амын тогтвортой өсөлтийг хангахын тулд энэ түвшин 2.1 байх ёстой ажээ.

 

Эх сурвалж: Reuters