Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Өчүүхэн гэмээр мөнгөн дүн л асар өндөр нэр хүндийг оргүй болтол унагах чадалтай

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн бичсэн ‘‘Азийн хүлэг улс” гээд их гоё ном байдаг юм. Сонгуульд нэр дэвшихийнхээ өмнөх жил бичсэн эл номыг уншихаар өнөөгийн улстөрчид ямар байх тухай, яагаад буруутаад байдаг талаар олон авууштай санааг тусгасан байдаг.

Энэ номын “Улстөрчдийг үнэлэхүй” гэдэг бүлэгт улстөрчдөд тавигддаг 15 орчим шалгуур буйгаас тавыг нь олон сайхан жишээгээр, цөөнгүй эх сурвалжаас, хамгийн гол нь Бодлогын судалгааны хүрээлэнгүүдийн судалгааг эш татаж тайлбарласан бий. Улстөрч хүн хүсэл шуналаа хязгаарлах тухай түүний эш татсан жишээнүүдийг энд дурдъя. Ер нь Харвардад номын дуу сонссон тэрбээр үргэлж ёс зүйн тухай ярьж, гаднын улстөрчдийн жишээг үлгэр болгон хэлдэг нэгэн билээ.

БНСУ-ын хамгийн нэр хүндтэй Ерөнхийлөгчийн нэг Но Мү Хён авлигын хэрэгт нэр нь холбогдсоноос болж, уулан дээрээс үсрэн амиа хорлож байв. Энэ гэнэтийн эмгэнэлт явдал дэлхий нийтийг цочирдуулсан...”, “Японы ирээдүйн Ерөнхий сайд гэгддэг байсан Хөдөө аж ахуйн сайд Тошикацу Мацуока төрийн ордны оффисын түрээс болон 8,500 ам.долларын хандивыг олон нийтэд зарлаагүйн төлөө улс төрийн карьертаа цэг тавьсан. Түүгээр ч барахгүй сэтгэл санааны хямралд орж, амиа хорлохыг оролдов.

 

Улс төрийн соёл өндөртэй оронд ийм өчүүхэн гэмээр мөнгөн дүн л асар өндөр нэр хүндийг оргүй болтол нь унагаах чадалтай байдаг...”, “Дэлхийн хамгийн тохитой томоотой төрхтэй Ерөнхийлөгч гэгддэг Франсуа Олланд жүжигчин Жули Гэйт хэмээх бүсгүйтэй нэр холбогдсон түүх бий. Францын төрийн тэргүүн, энэ “сэргэлэн эр" мотоцикл хөлөглөн, хамгаалалтын дуулганы хар шилэн хаалтаар нүүрээ далдлан амрагийнхаа гэрт очдог байсан тухай хэвлэлээр шуугьж, томоохон сенсаацийн эзэн болж байж. Ингэснээр өөрт нь төдийгүй намд нь итгэсэн олон түмний дэмжлэгийг оны шилдэг онигоо болгон хувиргасан юм...”

"Бодлого тодорхойлох, мэтгэлцэхдээ хэнийг ч дагуулдаггүй Билл Клинтон дадлагын оюутан Моника Левинскитэй нэр холбогдож, уваагүй секс дуулианы эзнээр түүхэнд мөнхөрсөн. Үүнээс нь болоод “Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх” тухай АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим шүүн хэлэлцэж, маш том асуудал үүсгэж байсан...”' гэх мэт.

Энэ мэт олон жишээг эш татсан тэрбээр “Энэ бол хүсэл шуналаа хязгаарлаж чадаагүйн шалгуур үзүүлэлтэд хамаарна” хэмээн тодорхойлсон байдаг юм. Магадгүй энэ ном 2016 оны намар бичигдсэн байсан сан бол албаны машинаар зуслан руугаа яваад ёс зүйн хариуцлага хүлээн огцордог Японы сайдын жишээ тэргүүн эгнээнд эшлэгдэх байсан биз ээ.

Түүний номонд улстөрчдийн “нэлээдгүй хэсэг нь эсрэг хүйстнээ сонирхох хүслээ хазаарлаж чадалгүй нэгэн дурлалын паянгаас болж нэгэн насны ялгуулсан улс төрөө цэглэдэг” тухай бас онцолсон нь бий. Яг л түүний бичсэн шиг эсрэг хүйстнээ сонирхох хүслээ хазаарлаж чадаагүйгээсээ болоод түүний анд, нутаг нэгт Д.Гантулга УИХ-ын гишүүн гэсэн өндөр сэнтийгээс буугаад байгаа юм. Гишүүн асан Д.Гантулга бүтэн жил гүрийсний эцэст чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь магадгүй Л.Оюун-Эрдэнэ гишүүний эл номыг гэнэт олж уншсаных ч байх магадлалтай.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сошиалд нэгэн мэдээлэл хүчтэй өрнөсөн нь МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарын гарын үсэгтэй “МИАТ-ийн таван ажилтан Берлинд болох хуралд оролцохоор бизнес ангиллаар нисэх тухай” албан бичиг байв. Берлин рүү үнэгүй нисэцгээсэн МИАТ-ийн таван ажилтны нэг нь гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болж таарах нь тэр

. Гаднын улстөрчдийн жишээг эш татан, Монголын улстөрчдөд тийм байх ёстой гээд ёс зүйн хэм хэмжээ тогтоогоод байсан мөнөөх Л.Оюун-Эрдэнэ шүү дээ. Өөрөө хэрвээ мартчихаагүй бол номондоо дурдсан “Улс төрийн соёл өндөртэй оронд өчүүхэн гэмээр мөнгөн дүн л асар өндөр нэр хүндийг оргүй болтол унагах чадалтай” гэдгийн жишээ энэ бэлээхэн байгаа бус уу.

Яг энэ асуудал ид өрнөж байхад Л.Оюун-Эрдэнэ гишүүн үнэгүй нислэгийнхээ талаар үл дуугарсан атлаа “Орон даяар хийсэн судалгаагаар “Шударга ёсны хүсэмжлэл” 97 хувьд хүрчээ” хэмээн өөрийн твиттер хуудастаа бичсэн байдаг юм. Тийм ээ, олон хүн шударга ёсыг хүсэж байна. Тийм учраас УИХ-ын гишүүн өөрийн албан тушаалаа ашиглан ойр дотнын хүмүүсийнхээ хамтаар онгоцоор үнэгүй нисээд байх нь шударга уу гэж асуух эрхтэй байгаа.

МИАТ-ийн ажилтан гэсэн бичиг хийлгэж үнэгүй ниссэн нь албан тушаалын гэмт хэрэг гэж ч ойлгогдохоор байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүний бичдэг, ярьдаг улстөрчийн ёс зүй, шударга ёс энэ тохиолдолд хаана байсан хэрэг вэ. Бусдаас нэхдэг ёс зүй нь өөрт нь хэрхэн хамаардгийг харах нь цаг хугацааны л асуудал байх. Хамгийн гол нь өөрийн номлодгийн эсрэг үйлдэл гаргасан мэт үйлдэл нь гайхаш төрүүлж байгаа юм.

“Өнгөрсөн хугацаанд улс төрийн байр сууриа тууштай баримталж, үг үйлдэл нь зөрүүгүй үр дүн авчирсан түүчээ шувуу хэд байв” хэмээн Л.Оюун-Эрдэнэ гишүүн номондоо асуусан байдаг. Үг, үйлдэл зөрөхгүй тууштай байх чадвар улстөрчдөд тавигдах хамгийн гол шалгуур гэдгийг Бодлогын судалгааны хүрээлэнгийнхэн нэгэнт тодорхойлсон. Л.Оюун-Эрдэнэ гишүүний улстөрчийн үнэт зүйл нь үнэхээр л ёс зүй мөн юм бол МИАТ-ийн ажилтан хэмээн үнэгүй ниссэндээ уучлал эрээд хариуцлага хүлээх л болж таарах нь.

Эс бөгөөс түүний ярьдаг шударга ёсны шалгуур нь ямар ч үнэ цэнэгүй юм. Зарим улстөрч хэтэрхий өндөр нэр хүндэд дурлаж, ямар ч үнээр хамаагүй түүхэнд үлдэхийг хүссэнээс эндэгдэлд хүрдэг гэдгийг эцэст нь сануулъя. Энэ мөн л эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнийн “Азийн хүлэг улс” номоос авсан үг билээ.

Зураг