Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Олон үзэгч татахын тулд Оскарын шалгаруулалт “ПОП” киноны шагналаар өргөжлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Оскарын шагналын ёслолыг зохион байгуулагчид дутагдалдаа дүгнэлт хийж, ёслолын үйл ажиллагааны дүрмэндээ зарим өөрчлөлт хийх болсноо зарлажээ.

Өнгөрсөн Мягмар гарагт Кино Урлагийн Академийн удирдах зөвлөл хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан болохыг тус байгууллагын ерөнхийлөгч Жон Бэйли өчигдөр мэдээлсэн байна.

Энэ онд болж өнгөрсөн 90 дэх удаагийн Академийн Шагнал гардуулах ёслолыг 26.5 сая хүн үзсэн нь өмнөх оноосоо 19 хувь буурсан, бүх цаг үеийн хамгийн доод үзүүлэлт болсон юм. Мөн 2008 оноос хойш анх удаа уг арга хэмжээг 30 хүрэхгүй сая хүн үзжээ.

Бас үйл ажиллагаа нийтдээ 4 цаг орчим үргэлжилж үзэгчдийг залхаасан бөгөөд сүүлийн 10 жилийн хамгийн урт шоу болсон юм.

Энэ бүх дутагдалдаа дүгнэлт хийсэн Академийн удирдлагууд дараагийн ёслолоос эхлэн үргэлжлэх хугацааг 3 цагаас хэтрүүлэхгүй байх журам гаргажээ. Ингэхийн тулд зарим шагналуудыг шууд дамжуулалтаас гадуур олгож, үйл явдлын тоймыг нь бичлэг хэлбэрээр үзүүлэх гэнэ.

Үүнээс гадна Оскарын шагналын ёслолыг хоёрдугаар сарын сүүлээр зохион байгуулдаг уламжлалаа 92 дахь арга хэмжээнээс эхлэн өөрчилж, хоёрдугаар сарын 9-нд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 2020 оны Оскарын шагналын ёслол эрт зохион байгуулагдана. Харин 2019 оных хоёрдугаар сарын 24-нд болох юм.

Үүнээс гадна нэг чухал шийдвэр гаргасан нь шагналын төрлийг нэмж, “Popular” буюу олны таашаалд нийцсэн бүтээлд олгох шагналыг бий болгосон байна.

Энэ нь жилээс жилд буурч байгаа Оскарын үзэгчдийн тоог өсгөх зорилготой юм. Энэхүү шагналд тавих шаардлагуудыг дараа танилцуулахаа Бэйли мэдэгдсэн байна. Бас “Поп” шагналыг хэзээнээс эхэлж олгохоо дурдаагүй юм.

Оскарын ёслолын үзэгчдийн тоо нь хэр олны анхаарлыг татсан бүтээл нэр дэвшиж, шагнал авч байгаагаас шууд хамаардаг. Энэ жилийн шилдэг бүтээлийн шагналыг авсан “The Shape of Water” кино л гэхэд кино театруудаас нийт $63.9 саяыг олсон нь үзэгчдийн тоо буурахад нөлөөлсөн гэж үздэг.

Тэгвэл 1998 оны хит кино “Titanic” шилдэг бүтээлийн шагнал авахад Оскарын үзэгчдийн тоо дээд хэмжээндээ хүрч байжээ.

 

Эх сурвалж: Time.Com