Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Николас Мадуро: Цаг нь болоогүй байна, Үхэл чи зайл! гэж би хэлсэн

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт дроны халдлагад өртөх шахсан гэгдэж байгаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро амь насыг нь бүрэлгэх ажиллагааг үйлдсэн террористуудын ард байгаа захиалагч этгээдүүдийг олж шийтгэхээ амлажээ.

Өчигдөр тус улсын эрх баригчид энэ хэрэгтэй холбогдуулан сөрөг хүчний нэртэй хоёр улс төрчийг баривчлах тушаал гаргасан юм.

Ерөнхийлөгчийн ордноосоо хоёр цагийн турш телевизээр шууд ярьсан Мадуро өөрийгөө үхлийн ирмэг дээр байсныг нэлээд сүртэй дүрслэн өгүүлжээ.

“Энэ бол үнэхээр гайхамшигтай өдөр байлаа. Бид ид шидийн хүчээр л аврагдсан байх. Би Үхэлтэй нүүр туллаа! Миний яг өмнө Үхэл байгааг би хараад: Цаг нь болоогүй шүү! Үхэл чи зайл гэж дотроо хэлсэн. Энэ нь надад Үхлийн өөдөөс эгцлэн ширтэх хүч чадал, зүрх зоригийг өгсөн юм” гэж Мадуро ярьсан байна.

Тэрээр энэ удаагийн террорист халдлага нь 2013 онд нас барсан Уго Чавезаас өвлөгдөж ирсэн “Боливарын хувьсгал”-ийг түлхэн унагах хуйвалдааны тухай яриа, сэжиг таамагт эргэлт авчирлаа гэжээ.

“Хорлон сүйтгэгчдийн гол бай нь зөвхөн ерөнхийлөгч биш, улс орон, итгэл найдвар, энх тайвны гэрэл гэгээ байсныг саяны үйл явдал батлан харууллаа” гэж тэр үүнийгээ тайлбарласан байна.

Мадурог ингэж ярих хооронд түүний тусгай албаныхан Венесуэлийн сөрөг хүчний хууль тогтоогч, 29 настай Хуан Рекуэзенсийг Каракас дахь гэрээс нь баривчилжээ.

Түүний намынхан улс төрчийг баривчлах үеийн видео дүрсийг Твиттер хуудсандаа байрлуулан тараасан байна.

Энэ явдлын дараа Венесуэлийн дээд шүүх мөн сөрөг хүчний өөр нэг парламентч Хулио Боргесийг иргэдийг олон удаа өдөөн турхирсан, эх орноосоо урвасан, Мадурогийн аллагыг зохион байгуулсан зэрэг хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргажээ.

Боргес шүүхийн шийдвэрийг няцаасан мэдэгдлийг твиттер хуудсандаа нийтэлж, түүндээ “Венесуэльд хэн ч хүч хэрэглэх хүсэлгүй байгаа. Үнэндээ хүчирхийллийг дэмжиж байгаа ганц хүн нь Николас Мадуро өөрөө” гэж ярьжээ.

Венесуэлийн үндсэн хуулийн цэц өчигдөр сөрөг хүчний хууль тогтоогчдын халдашгүй статусыг цуцлах талаар хэлэлцсэн мэдээлэл ирж байна. Мадуро өнгөрсөн Бямба гарагийн халдлагыг зохиомлоор бий болгож, үүнийгээ сөрөг хүчнийг дарах шалтаг болгох зорилготой гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian