Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдаачид МАН-ын байрны гадна хугацаагүй суулт зарлахаар болжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 "Иргэдийн шударга шүүх" ТББ, Монголын худалдаачдын холбоо хамтран шударга бус улстөрчдийн хууль бус үйлдлийн эсрэг тэмцэж энэ сарын 12-ны өдрөөс эхлэн МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийх гэж байна.

Худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг энэ сарын 16-ны өдөр нийслэлээс нээлттэй зохион байгуулж батлах аж.

ТҮЦ-ийг цэгцэлнэ гэдэг нэрийн цаана ашиг сонирхлын зөрчил л явагдаж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Иргэдийн Шударга шүүх ТББ-ын ТУЗ-ийн дарга Х.Бат-Ялалт "Зарим төрийн байгууллага руу очиход ажил хий гэж худалдаа эрхлэгчийн өөдөөс шаардлага тавьж байна. Би судлаач хүний хувьд сүүлийн таван жилийн турш худалдаачдын нийгмийн асуудлыг судлаж байна. Худалдаа эрхлэлт бол маш хүнд хөдөлмөр.

Худалдаа үйлчилгээний журам шинээр батлагдсанаар ТҮЦ-үүдийг цэгцэлнэ гээд яриад байна. Гэхдээ оронд нь тэндээ дахиад ТҮЦ тавих гээд тушаал гаргаад байна. Хамгийн муухай нь оронд нь ТҮЦ тавихгүй гэж байсан мөртлөө одоо смарт карт цэнэглэдэг ТҮЦ тавьж, бүр дотор нь соёлын худалдаа явуулж болно гэж ярьж байна. Тиймд ТҮЦ-ийг цэгцэлнэ гэдэг нэрийн цаана ашиг сонирхлын зөрчил л явагдаж байна.

Худалдаа үйлчилгээний журам боловсруулах ажлын хэсэгт Монголын худалдаачдын холбоо болон ТҮЦээр амь зуугчдын холбооны тэргүүнүүдийг оролцуулах тушаал гаргасан. Гэвч ажлын хэсэгтээ нэг ч оролцуулаагүй байж одоо худалдаачдын гурван төлөөллийг оролцуулж журмыг боловсруулав гээд явж байна. Т.Гантөмөр дарга бүр хорин хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө батласан тушаалыг мартчихжээ гээд л сууж байна. Ийм дарга нар бидэнд хэрэггүй.

Эрхийг маань хамгаалах төрийн бодлого, тодорхой институци байхгүй байгаа учраас бид өөрсдөө нэгдэж эрх чөлөөгөө хамгаалах ёстой. Бид тэмцлийн бүх хэлбэрээр дуу хоолойгоо ард түмэндээ хүргэж, төр засгийн худалч дарга нартай тууштай тэмцэнэ" хэмээн ярилаа.

Хичнээн биднийг шалгаж болох ч торгож болохгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам "Төр засаг иргэдийг өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсний төлөө прокуророос шалга гэсэн гээд цагдаа нараа явуулж байна. Хэн гэдэг прокурор, яагаад шалгах ёстойг асуухаар нууц гээд хэлэхгүй байна. Үүнийг бид МАН-ын үзэл бодол, буруу хандлага гэж үзэж байна.

Хичнээн биднийг шалгаж болох ч торгож болохгүй. Тэгж торгуулах мөнгө байхгүй учраас л худалдаачид бид өр зээлэндээ дарагдаад өнөөдөр ингээд явж байна. Хэдхэн худалдаачдын ажил амьдралыг булаахгүйгээр төр засаг ажлаа хийж чадахгүй байгаа юм уу? Та нарт өөр хийх ажил их баймаар юм" гэв.

МАН амлалтаа огт биелүүлэхгүй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа " МАН амлалтаа огт биелүүлэхгүй байна. Бид үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхийн тулд МАН-ын байранд очсон боловч удирдлагууд нь гарч ирэхгүй, хуулийн зөвлөхөө явуулж манай намын үүд хаалга үргэлж нээлттэй гэж хэлүүлсэн. Яг ийм л дүр зургаар үргэлж бидэнд худлаа ярьдаг төр засагтай байх хэцүү байна. Гар дээрээс худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүсийн ажлын байрыг нь булааж татвар түрээсийг нь нэмээд байгаа тэр төр засгийн удирдлагуудад бид үгээ хэлж, цаашдын үр дүнгээ гартал тэмцлээ үргэлжлүүлнэ" гэлээ