Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцах 40 оюутан урилгаа гардаж авлаа

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг:mpa.mn

Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тавдугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд англи, хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт зохион байгуулжээ.

Тус шалгалтад нийт 800 гаруй сурагчид оролцсоноос 180 хүүхэд тэнцэж, үүнээс 40 сурагч өөрийн мэдлэг боловсролоороо ялгарч Хятадын Засгийн Газрын 100 хувийн тэтгэлэгт хамрагдахаар болсон байна.

Тэтгэлэгт хамрагдахаар болсон сурагчдад Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар урилгыг өнөөдөр гардуулж өглөө.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор энэ оны тавдугаар сард "I Study" олон улсын боловсролын төвийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад нээсэн байна. "I Study" төв нь дэлхийн 120 гаруй оронд 2,000 гаруй төлөөлөгчийн газартай, цаашид Монгол Улсаас гадаадын улс орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын гүүр болон ажиллахаар зорьж байгаа юм байна. Ингэхдээ тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнуудын суралцах боломжийг хангах үүднээс ямар нэгэн зуучлалын төлбөр авахгүй, танил тал үл харгалзаж, зөвхөн оюутнуудын өөрсдийн мэдлэг боловсролд суурилсан үйл ажиллагааг ил тод, нээлттэйгээр эрхлэн явуулах зорилготой аж.

Бид оюутнуудаа хөрш орнууд руу явуулж, ололт амжилтаас нь суралцуулж, хуваалцах хэрэгтэй

Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар энэхүү хөтөлбөрийн талаар "Бид энэ жил 40 оюутан урд хөрш рүү явуулахаар болсон, дараа жилүүдэд энэ тоог багасгахгүй байхаар ажиллах болно. Манай хоёр том хөрш үргэлж хөгжиж, байрандаа зогсохгүйгээр хувьсан өөрчлөгдөж байгаа үед хоёр хөрш улсаа таньж, мэдэж тэр бүхэнтэй нь зэрэгцэж явах нь чухал. БНХАУ олон улсын техник технологи, шинэ нээлтүүдийн багагүй хувийг дангаар нь эзэлж байна. Тйим ч учраас бид оюутнуудаа эдгээр улсууд руу явуулж, ололт амжилтаас нь суралцуулж, хуваалцах хэрэгтэй юм" гэв. 

Тэтгэлэгт шалгарсны дараа орсон сургууль, суралцах, амьдрах орчныг харгалзаж үзсэний эцэст явах шийдвэрт хүрсэн

Тэтгэлгийн урилгаа гардан авсан Нэгдүгээр сургуулийн төгсөгч н.Цэрэннадмид "Энэхүү хөтөлбөрт шалгарч БНХАУ-д суралцах болсонд баяртай байна. Сургуульд байхдаа санхүү, маркетингийн чиглэлээр суралцах сонирхолтой байсан, Хятадад очоод тус мэргэжлээрээ суралцах болсон. Тэтгэлэгт шалгарсны дараа орсон сургууль, суралцах, амьдрах орчин гээд олон зүйлийг харгалзаж үзсэний эцэст явах шийдвэрт хүрсэн" хэмээн ярилаа.

Мөн Д.Цогтбаатар сайд энэхүү хөтөлбөрийг ирэх жилүүдэд идэвхтэй хэрэгжүүлж, ирэх жилийн хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлэх тал дээр хувийн зүгээс зүтгэж ажиллахаа амлав.