Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газарт худалдааны дайнд зэвсэг болгох Америк бараа олдохгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрэн худалдааны дайн эхлүүлээд байна. АНУ нийтдээ $50 тэрбумын дүнтэй Хятад бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноож байгаагаа зарлаж, дараагийн ээлжний $200 тэрбумын барааны талаар судалж эхлээд байгаа.

Хятадын тал ч Вашингтоны шийдвэр болгоны дараа ижил дүнтэй бараанд нь хариу татвар оноож байна.

Харин АНУ-аас харьцангуй бага бараа импортлодог Хятадын хувьд ямар бараанд татвар оноож, Вашингтоны эрх баригчдыг шийтгэх нь том асуудал болод байгаа гэнэ.

Өчигдөр Бээжин татвар оноох $16 тэрбумын дүнтэй Америк барааны жагсаалтыг зарласны дотор бэлгэвч багтсан нь үүнийг харуулж байна.

АНУ-ын олон улсын худалдааны зөвлөлийн тоо баримтад дурдсанаар өнгөрсөн онд Хятад дөнгөж $13,939-ийн дүнтэй бэлгэвчийг Нэгдсэн Улсаас импортложээ.

Гэтэл Америкийн тал Хятадаас өнгөрсөн онд $1.46 тэрбумын дүнтэй бэлгэвч авсан байна. Тиймээс Америк бэлгэвчинд татвар оноох болсон нь АНУ-ын экспортод төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж ажиглагчид бичиж байна.

Эндээс харвал Хятадын эрх баригчид АНУ-ын довтолгооны хариуд хангалттай шийтгэл оноож чадах барааг олох гэж нэлээд зовж байгаа ажээ.

Өнгөрсөн онд Хятад улс АНУ руу $505.5 тэрбумын бараа илгээсэн бол Америкаас Хятад руу $129.9 тэрбумын бараа бүтээгдэхүүн ачигдсаныг тоо баримт харуулж байна.

Энэ бол АНУ-ын статистик бүртгэлийн товчооноос гаргасан тоо юм.

Мэргэжилтнүүдийг гайхшруулж байгаа худалдааны дайны өөр нэг талбар бол шар айрагны зах зээл. Харилцан маш бага шар айраг солилцдог энэ хоёр улсын иргэд өөр өөрийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд илүү дурладаг юм.

Одоохондоо Дональд Трамп Хятадын бэлгэвчинд импортын татвар оноох тухай яриагүй байна. Харин тэгвэл энэ нь нөлөөлөхүйц үр дүнд хүргэх юм.

Гэхдээ нэг хүүхдийн бодлого удаан хугацаанд хэрэгжсэн, иргэдийн бэлгийн боловсрол, эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавьдаг Хятадын өөрийнх нь бэлгэвчний зах зээл маш том. Хятадад одоо 300 сая эрэгтэй бэлгийн харилцааны идэвхтэй насандаа байгаа бөгөөд 2016 оны байдлаар бэлгэвчний зах зээлийн хэмжээ нь 11.5 тэрбум юань байжээ.

Судлаачдын тооцоолсноор 2021 онд энэ хэмжээ 18.5 тэрбум юань ($2.7 тэрбум) хүрэх гэнэ. Зөвхөн Хятадын засгийн газар өөрөө бэлгэвчний томоохон худалдан авагч бөгөөд жил бүр нэг тэрбум бэлгэвчийг иргэддээ үнэгүй тараадаг нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлоготой нь холбоотой.

 

Эх сурвалж: South China Morning Post