Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Саудын Арабт гэмт хэрэгтнийг загалмайд цовдолж цаазалжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Канадын засгийн газартай хүний эрхийн асуудлаар дипломат маргаан дэгдээгээд байгаа Саудын Арабын эрх баригчид өчигдөр буюу Лхагва гарагт нэгэн гэмт хэрэгтнийг загалмайд цовдолж цаазалсан байна.

Уг ажиллагаа Исламын шашны ариун газар гэгддэг Мекка хотод болж, Элиас Абулкалаам Жамаледдин гэгч эрэгтэйг аллага, дээрэм, бусдыг хүчиндэхийг завдсан хэрэгт ял тулган цаазалжээ. 

Саудын Араб нь Исламын шашны хуулийг сахидаг орон бөгөөд цаазын ялыг түгээмэл хэрэглэдэг ч загалмайд цовдлох нь ховор тохиолдол юм.

Өмнө нь ижил хүйстний бэлгийн харилцаа, засгийн газрын эсрэг ажиллагаанд оролцсон иргэдээ цовдолж байсан баримт байдаг.

Гэхдээ загалмайтнуудыг эртний Ромчууд цовдолдог байсан аргыг хэрэглэдэггүй, харин толгойг нь авсан ялтны цогцсыг загалмайд хадаж, олон нийтэд үзүүлдэг юм байна.

Энэхүү харгис цаазын ажиллагаа сүүлийн үед муудаад байгаа Канад-Саудын Арабын харилцааг улам дордуулах төлөвтэй байгаа юм.

Хүний эрхийн төлөө тэмцэгч иргэдээ Саудын Арабын эрх баригчид баривчилж, хорьсны дараа Канадын засгийн газар тэднийг суллахыг уриалснаар хоёр орны хоорондын харилцаа муудсан.

Одоо Саудын Арабын телевизээр Канадтай холбоотой хамгийн хар бараан мэдээнүүдийг цацаж байна. Саяхан Саудын төрийн өмчит агаарын тээврийн компани Торонто руу хийдэг нислэгүүдээ зогсоосон бол засгийн газар нь Канадтай шинээр хийх худалдааг хориглоод байгаа юм.

Мөн боловсролын солилцооны хөтөлбөрүүдээ зогсоож, Канадад суралцах тэтгэлэг авсан оюутнуудаа өөр улс орнууд руу шилжүүлжээ.

Саудын Арабын эрх баригчид Канадыг “бусдын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон” гэж буруутгаж байгаа юм.

Харин АНУ, Их Британи зэрэг холбоотон орнууд нь энэ маргаанд болгоомжтой хандаж,  харьцангуй чимээгүй байгаа ч Канадын засгийн газар байр сууриндаа хатуу зогсохоо илэрхийлээд байна.

 

Эх сурвалж: Business Insider