Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ “новичок”-ийн халдлагатай холбоотойгоор ОХУ-ын эсрэг шинэ хориг зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын эсрэг шинэ хориг зарласан нь Британид амьдардаг тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийн эсрэг химийн зэвсгийн халдлага үйлдсэн хэрэгт Кремлийн эрх баригчдыг буруутай гэж үзсэн хэрэг байлаа.

АНУ-ын төрийн департментын мэдэгдэлд 1991 онд байгуулсан Хими, Биологийн зэвсгийг Хянах, Хориглох олон улсын актыг Оросын тал зөрчиж, үхлийн аюултай химийн зэвсгийг үндэс нэгтнийхээ эсрэг хэрэглэсэн гэж үндэслэлээ тайлбарлажээ. Хориг хэрэгжиж эхлэх цаг хугацаа, яг ямар шийтгэл оноох зэрэг нь албан ёсоор ил болоогүй байна.

Гэхдээ ойрын эх сурвалжийн мэдээлснээр шинэ хориг наймдугаар сарын 22-ноос хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзсэн технологи, бараа бүтээгдэхүүний ОХУ-д гаргах экспортыг хязгаарлах юм байна.

Уг хоригийн мөнгөн дүн хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэнэ гэж төрийн департментын эх сурвалж мэдээлжээ.

Мөн Оросын тал дахин химийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн баталгаа өгөхгүй, нутаг дэвсгэртээ шинжээчдийг ажиллуулаагүй тохиолдолд хоёрдугаар ээлжийн хоригийг зарлах юм байна.

Гуравдугаар сарын 4-нд болсон Скрипаль болон түүний охин Юлия нарын эсрэг халдлагын дараа Оросын 60 дипломатчийг АНУ нутаг дэвсгэрээсээ хөөж байв. Кремлийн удирдагчид мөн хариуд нь ижил тооны Америк дипломатчдыг нутаг буцааж байсан юм.

Уг халдлагад “Новичок” гэгддэг Зөвлөлт Холбоот Улсын үед бий болгосон цэрэг, дайны зориулалттай химийн бодисыг ашигласан гэж Британий засгийн газар дүгнэж байв.

 

Эх сурвалж: Bloomberg