2018/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B28
УЛААНБААТАР
|
-3°
B14
УЛААНБААТАР
-3°
|
-7°
00:00
S32
-6°
01:00
S44
-5°
02:00
S44
-6°
03:00
S44
-6°
04:00
S44
-8°
05:00
S44
-7°
06:00
S44
-7°
07:00
S28
-7°
08:00
S28
-6°
09:00
S44
-2°
10:00
S32
11:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 20-ноос өмнө 60 тэрбумын асуудал шийдэгдэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Миний хувьд ардчилсан тогтолцоонд битгий хэл, авторитар буюу дарангуйллын засаглалд тавигддаг энгийн ёс зүй, улстөрийн наад захын хариуцлага, товчхондоо үнэнээ хүлээх тухай асуудлыг хөндсөн. Гэвч үнэнээ хэлэхгүй мэлзэж байгаа нь биш, харин үнэнийг хайсан нь буруутан болох тал руугаа явж байна. 

Өнөөдрийн нийгэмд ёс зүйтэй, хуулийн засаглалтай, хариуцлагатай төрийн оронд ялгавартай үйлчилдэг мэлзсэн төр бий болсныг өнгөрсөн хугацааны үйл явдлууд харууллаа.

Хувь хүн мэлзэж болно. Харин Монголын төр мэлзэж болохгүй. Хэрвээ Монголын төр дагаж мэлзвэл энэ өөрөө тогтолцооны асуудал болж хувирна. Өнгөрсөн хугацаанд нийт 17 төрийн болон намын эрх бүхий байгууллагад бичгээр болон биечлэн хандаж 60 тэрбумтай  холбоотой асуудлаар тайлбар авлаа. Эрх мэдэлтний өмнө манай төр засаг хэрхэн ялгавартайгаар хандаж чаддагийг ч бас өөрийн биеэр өнгөрсөн хугацаанд мэдэрлээ. 

М.Энхболд гэдэг улстөрч 2014 оны наймдугаар 28-нд 40 минутын, 2014 оны есдүгээр сарын 8-ний өдөр 90 минутын 60 тэрбумын гэх ярианд огт оролцоогүй гэж мэлзсэнийг АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй албан тушаалтнууд эвлүүлэг болгох гэж бараг Гиннесийн номонд бүртгэгдэхээр хуулийн үндэслэл зохиож ажиллажээ.

Монгол Улсын нийтийн сонсголын хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүн энэ асуудлыг өргөн барьсан ч, хуульзүйн байнгын хороо өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар мэлзсээр байна. УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлахаар өргөн барьсан ч ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар мөн өнөөдрийг хүртэл мэлзэж байна. 

Намын бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн нийгмийн хүлээлт байсан боловч хэлэлцэх асуудалд ороогүй гэдэг шалтгаанаар хэлэлцүүлсэнгүй. Хариуцлагын талаар томоохон мэдэгдэл хийнэ гэж гарч ирсэн зарим эрх мэдэлтнүүд найранд бялуурч, найраанд мансуурч, аргацааж өнгөрдөг өнгөрсөн 25 жилийнхээ арчаагүй аргаа даган мэлзлээ.

Өнөөдөр бид УИХ-ын дарга М.Энхболдыг үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд ороод байна. Бүх хууль хяналтын байгууллагын дээр эрх зүйт төрийн хуульд ёс зүйн өндөрлөг болсон Үндсэн хуулийн цэцийн байгууллага илэрхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн энэ асуудлыг Үндсэн хуулийн асуудал гэж харах уу, эсвэл дахин томилогдсон албан тушаалтнаа хамгаалах уу гэдэг энэ асуудлыг хамтдаа харцгаая. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлд зааснаар Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх бөгөөд Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих, төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлдэг гэж заасан байдаг. Гэтэл хамгийн сүүлийн судалгаагаар ард иргэдийн 97 хувь Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. 

Тийм ч учраас сонгогдсон ард түмний элчийн хувьд ийм нөхцөл байдалтай эвлэрэн цааш явах ямар ч боломжгүй гэж үзэж байгаа юм.

Миний хувьд сэтгэл хөдлөлдөө автагдсан, бусдаас ялгарах эр зоригтон биш. Нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа ч юм биш. Хэн нэгэнтэй албаар муудалцах зорилго байхгүй. Зүгээр л ийм тодорхой бичлэгтэй хэргийг эвлүүлэг гээд хаагаад өнгөрчихвөл цаашид гэрчгүй, бичлэггүй атлаа улсад онц их хэмжээний хохирол учруулж нийтийн эрх ашгийг хохироосон бусад хэргүүдийг хэрхэн шийдэж, шударга ёсыг тогтоох талаар дотоод ертөнцөд минь эргэлзээ үүссэн юм.. Тиймээс л үүнийгээ удаа дараалан илэрхийлээд байгаа юм. 

УИХ-ын дарга М.Энхболдоос дараах гурван зүйлийг 2018 оны наймдугаар сарын 20-ноос өмнө биелүүлэхийг шаардаж байна. 

  1. Монголын ард түмэн, МАН-ын нийт гишүүд, дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулж албан ёсоор уучлал гуйх
  2. Өөрийн хүсэлтээр хууль хяналтын холбогдох байгууллагуудад хандаж энэ хэргийг дахин сэргээж нягтлуулах, олон нийтийн эргэлзээг тайлах
  3. Ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахаа зогсоож, нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаж байна.
Хэрэв дурдсан хугацаанд Төрийн ордон дотор энэ асуудал шийдэгдэхгүй бол олон нийтийн дэмжлэгийг хүсэж, шат дараалсан тэмцлийн өөр хэлбэрт шилжихээс өөр аргагүй болж байна гэдгийг мэдэгдэж байна.

Тэмцлийн дараагийн хэлбэр нь орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөнийг зарлана. Хэрэв энэ хөдөлгөөн үр дүнд хүрэхгүй бол эсэргүүцлийг жагсаал хийнэ" гэв.

x