Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн анагаах ухааны их сургууль эмэгтэй элсэгчдийн оноог зориудаар бууруулдаг байснаа хүлээж, уучлал гуйлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Токиогийн анагаах ухааны их сургуулийн захиргаа эмэгтэй элсэгчдийн шалгалтын оноог зориудаар бууруулж, эрэгтэй элсэгчдийн оноог дээшлүүлдэг байсан нь дотоод шалгалтын явцад илэрсэн юм.

Өчигдөр тус сургуулийн удирдлагууд ийм бодлого баримталдаг байснаа хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйсан байна.

Тус сургуульд Японы боловсролын яамны түшмэлийн хүүхдийг арын хаалгаар элсүүлэн хэргийг шалгах явцад энэ булхай илэрсэн юм. Түшмэл тус сургуульд засгийн газраас өгдөг судалгааны төсвийг илүү хуваарилсныхаа хариуд хүүгээ бараг шалгалтгүй элсүүлсэн гэх хэргийг хуулийнхан шалгаж байжээ.

Мөрдөн байцаагчид энэ жилийн элсэлтийн шалгалтын үеэр эхний шатанд бүх өрсөлдөгчдийн оноог 20 хувиар бууруулж дүгнээд дараа нь эрэгтэй элсэгчдийн дүнг доод тал нь 20 оноогоор ахиулан үнэлж байсныг илрүүлсэн юм.

Ингэхдээ өмнө нь тус сургуульд элсэх шалгалтанд дөрөв ба түүнээс дээш удаа ороод унаж байсан эрчүүдийн дүнг ахиулаагүй ялган үлдээжээ.

Ийм булхай 2006 оноос хойш хэрэгжиж байсныг олж тогтоосон байна. Эмэгтэй эмч нар гэр бүлтэй болж, хүүхэд гаргасныхаа дараа мэргэжлийн ажлаасаа хөндийрдөг тул ийм бодлогыг сургуулийн удирдлага баримталдаг байжээ. Ийм аргаар тэд сургуулийнхаа жил бүрийн элсэгчдийн тоонд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 хувиас хэтрүүлэхгүй байлгаж байсан гэнэ.

Дээр дурдсан яамны түшмэлийн хүү тус сургуулийн элсэлтийн шалгалтанд гурван удаа унаж байсан ба эцгийнхээ нөлөөгөөр дөрөв дэх шалгалтынхаа дүн дээр 20 оноо нэмүүлж, элсэх болзол хангасан байна.

Уг хэрэг эмэгтэйчүүдийг дорд үздэг уламжлалтай Японы нийгмийн сүүдэртэй талыг ил болгосон юм. Японы боловсролын сайд Ёшимаса Хаяаши улсынхаа бүх анагаах ухааны сургуулиудын элсэлтийн шалгалтын үйл явцыг шалгах болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian