Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийг Хятадад эргэж ирвэл “бут цохино” гэж Байдугийн босс амлалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Google өөрийн хайлтын системийг Бээжингийн эрх баригчдын цензурт нийцүүлэн Хятадын зах зээлд дахин нэвтрүүлэх гэж байгаа тухай мэдээ тарсан юм.

Хятадын зах зээлд одоо ноёлж байгаа хайлтын үйлчилгээ эрхлэгч энэ дуулианд ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлэх нь жам ёсны хэрэг. Тиймээс өчигдөр Хятадын Байду компанийн гүйцэтгэх захирал Роберт Ли өөрийн Wechat хуудсанд “Хэрвээ Google Хятадад эргэж ирэхээр шийдвэл бид түүнийг өмнөх шигээ ‘бут цохиж’ чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн бичжээ.

Ингэхдээ тэр компьютер тоглоомд ашиглагддаг “тоглогчийг устгах” гэдэг хятад үгийг хэрэглэсэн байна. Олон тоглогч хоорондоо өрсөлддөг тоглоомд нэг тоглогч нөгөөгөө устгахыг энэ үгээр илэрхийлдэг гэнэ.

Хоёр компани хоёул хайлтын систем, үүлэн технологи, хиймэл оюуны технологи хөгжүүлдэг. Гэхдээ тэдний хамгийн том давхцдаг салбар нь хайлт юм.

Ли цааш бичихдээ Хятадын технологийн компаниуд 2010 онд Google-ийг Хятадын зах зээлд хаагдсан үеэс хойш эрчимтэй хөгжиж, хүчирхэгжсэн тухай өгүүлсэн байна. “Хятадын технологийн компаниуд хэдийнээ тэргүүн эгнээнд гарсан. Бүх дэлхий одоо Хятадаас хуулж байна” хэмээн тэр бичжээ.

Google-ийг эзгүй хойгуур Байду Хятадын зах зээлийн 70 гаруй хувийг эзлэх болсон. Гэвч Хятадын сошиал орчинд хэрвээ Google эргэн ирвэл Байдугаас татгалзаж, Google-ийг хэрэглэж эхэлнэ гэсэн агуулгатай яриа нэлээд тооны хүмүүсийн дунд өрнөж байна.

Уг хоёр компани Хятадад зэрэгцэн оршиж байх үед Google-ийн хайлт илүү нарийвчлалтай, цензур багатайд тооцогддог байжээ. Google эргэн ирэх тухай мэдээлэл тарснаас хойш Байдугийн хувьцааны үнэ 7.7 хувиар унаад байна.

 

Эх сурвалж: The Verge