Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Токио, Бээжин, Владивостокт Худалдааны төлөөлөгчийн газар байгуулна

ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2018.08.08/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүд-

  • 2018-2019 онд Токио, Бээжин, Владивосток хотод, 2019-2021 онд Москва, Тяньжин хотод, 2021-2023 онд Сөүл, Брюссель хотод Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын саналыг хэлэлцэв. Асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, Төлөөлөгчийн газар байгуулах зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав.
  • Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ төслийг батлавал 40 гаруй жил ашиглаж байгаа дэд станцуудын тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг сольж шинэчлэх юм.
  • Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрийн хүрээнд байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэн, багш нараа харилцан солилцож, туршлагаа хуваалцан, уулзалт, бага хурал зохион байгуулах юм. 
  • “Сонгодог урлаг III” үндэсний хөтөлбөрийг батлав. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжид хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэхээр болов. Хөтөлбөрийг 2018-2023 онд хэрэгжүүлнэ.
  • Энэ сарын 20-23-нд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 11 дүгээр хурал болно. Хуралдаанаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрийн биелэлтийг дүгнэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.
  • ОХУ-ын Пермь хотод болдог олон улсын сонгодог бүжгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн бүжигчин Р.Булган, Бүгд Найрамдах Чех Улсад зохиодог Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Э.Хануй, Э.Эмүжин нарт мөнгөн шагнал олгохоор болов.