Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүдэлчин Монгол" наадам энэ сарын 10-нд эхэлнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 10-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол” наадам болох гэж байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах зорилготой тус наадмын зохион байгуулалтад улсаас 250 сая төгрөг зарцуулж байгаа аж. Энэ мөнгийг 21 аймаг, есөн дүүргээс ирэх соёлын өв тээгчдийн унаа болоод бусад зардалд зарцуулагдаж байгаа учир энэ төсөв хүрэлцэхгүй байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Наадмын үеэр аймаг, нийслэл, сум дүүргээс нийт 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2,000 гаруй үндэсний спортын баг, тамирчид хүй долоон худагт отоглон бууж авхаалж самбаа, ур чадвараа сорих юм байна.
 

Энэ талаар Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат "Манай соёлын биет бус өвийн наадам эдийн засгийн нөхцөл байдлаас болж 2011 оноос тасалдсаар энэ жил БСШУСпортын сайдын тушаалаар дахин зохион байгуулахаар боллоо.

Улс орны хэмжээнд зохион байгуулагдах учир цаг хугацаа болон зардал мөнгөө хэмнэж "Нүүдэлчин Монгол" наадам нэрийн дор Үндэсний спортын их наадмыг хамт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ нь наадам гэхээсээ илүү өв соёлоо үр хойчдоо байгаагаар нь үлдээхийг чадан ядан гүйцэлдүүлж байгаа нэг ажил гэж ойлгож болно. Бид дэлхийд байхгүй өв соёлтой ард түмэн. Тиймд уламжлалт соёлын өв тээгчийг сурталчилж, хамгаалах энэ үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна" гэв.

БТСГ-ын төрийн захиргаа удирдлага санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр " Залуучуудад Монголын үндэсний спортын олон төрлүүдийг нэг дороос бүгдийг нь үзэх, Монголын соёл урлагийг залуучуудад үзүүлж таниулах нь бидний гол зорилго.

Бид зардал мөнгөө хэмнээд анх удаа ийм томоохон наадмыг хамтраад хийх гэж байна. Наадмын үеэр ардынхаа уламжлалт зүйлсийг нэг дороос үзэж, тоглож наадах боломжтой.
Маш олон жилийн өмнө гээгдчихсэн бидний уламжлалт наадгайг сэргээн тоглох болно. Бидний сонсоогүй үзээгүй ч уламжлалт наадгай, спортын төрөл ч гарч ирнэ" хэмээн ярилаа.

Соёлын биет бус өвийн их наадам энэ жил ЮНЕСКО-ийн соёлын ай савын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Тухайлбал, Монголчуудын уламжлалт гар урлал, язгуур урлаг, аман уламжлал, ардын язгуур урлал, байгаль ертөнцийг танин мэдэх арга ухаан зан заншил, үндэсний уламжлалт тоглоом наадгай гэсэн соёлын биет бус өвийн таван ай савын хүрээнд зохион байгуулагдана.

"Биет бус өв соёлтой холбоотой зарим зүйлүүд орхигдож ирснийг энэ удаагийн наадам харуулах болно.Үүний цаана наадам гэхээсээ илүү Монголчуудын өв соёлыг сурталчлах төрийн маш том бодлого, мөн монголчуудын үндэсний дархлааны асуудал явагдаж байгааг ойлгох хэрэгтэй" хэмээн зохион байгуулагчид хэлж байв.

НҮБ-аас соёлын биет бус өвийн хамгаалах тухай конвенци 2003 онд батлагдсан. Үүнд манай улс нэгдэн орж тодорхой үүрэг хүлээж, засгийн газар ч ажил төлөвлөж, хэрэгжүүлж байна. 

Түүнчлэн энэ конвенцэд нэгдсэнтэй холбоотой манай улс таван жил тутам НҮБ-д тайлангаа тавьдаг учир "Нүүдэлчин Монгол" наадам тус тайланд томоохон үүрэг гүйцэтгэх юм.