Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Викингүүд Гринландыг колоничолж байсан шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Мөсөнд хучигдсан Гринланд арлын эргээр Викингүүдийн суурьшиж байсны баталгаа болох туурь балгаснууд одоог хүртэл оршиж байдаг.

“Улаан” Эрик гэгддэг викинг хүний тэргүүлсэн хүмүүсийн үр удам энд 500 шахуу жилийн турш суурьшин амьдарч байгаад орхин явсан юм.

Тэд Гринландад хүрэл хонхтой чулуун сүм хийд байгуулж, өөрийн ширээт ламтай хүртэл болоод байжээ.

Оргил үедээ энд 2,000 гаруй хүн амьдарч байсан гэдэг. Гэвч тэд яагаад гэнэт энэхүү суурингаа орхин явах болсон талаар эрдэмтэд өнөөдрийг хүртэл судалж байсан юм.

Тэгвэл баруун Европын арав гаруй музейд зочлон судалгаа хийсэн эрдэмтэд викингүүд яагаад алга болсныг тайлбарласан материалаа өчигдөр “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд нийтлүүлжээ.

Тэд музейнүүдэд хадгалагдаж байгаа далайн морины яс, соёогоор урласан эд зүйлсүүдэд ДНХ шинжилгээ хийсэн юм.

Үр дүнд нь эрдэмтэд викингүүд Европт далайн морины соёоны наймаа хийж байсныг тогтоожээ. Суурьшсан Викингүүдийн хөгжлийн оргил үед буюу 1120-1400 орчим оны хооронд баруун Европт нийлүүлэгдэж байсан соёоны хамгийн багадаа 80 хувийг Гринландаас нийлүүлж байсан гэнэ.

Зааны соёоны нэгэн адил үнэтэй ховор түүхий эдэд тооцогддог байсан далайн морины соёогоор язгууртнуудад зориулан чамин тансаг эд зүйлсийг урладаг байжээ.

Харин өмнө нь эрдэмтэд Гринландаас Викингүүд явсан шалтгааныг цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж тайлбарлаж байв.

“Гринландын далайн морины соёоны экспорт дундад зууны Европт монополь байсныг анх удаа баталлаа” гэж уг судалгаанд оролцсон Даблины Тринити Коллежийн байгалийн түүхч Поул Холм ярьжээ.

1400-аад оны үед Викингүүд Гринландаас явсан нь баруун Европт “Хар үхэл” гэгддэг тахал дэгдэж, мөн бага мөстөлт гэгддэг цаг уурын хүйтрэлт эхэлсэнтэй давхцаж байгааг тэд баталж байна.

Өөрөөр хэлбэл Европт эдийн засгийн хямрал тохиолдож, соёоны зах зээлийн эрэлт буурч,  үнэ ханш унасан нь тэднийг Гринландаас явахад нөлөөлсөн байна.

 

Эх сурвалж: Assocaited Press