Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Антарктидийн мөс сүүлийн 25 жилд маш их хэмжээгээр хайлжээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Image: Reuters/Alexandre Meneghini

Антарктидийн мөсөн давхарга сүүлийн жилүүдэд маш хурдацтай хайлж буйг 80 гаруй эрдэмтэн, судлаачаас бүрдсэн баг бүс нутгийг хиймэл дагуулын тусламжтайгаар ажиглалт хийсний үр дүнд батлаад байна.

Антарктид нь дэлхий дээрх хамгийн том мөсөн бүрхүүл бүхий тив бөгөөд жилд 220 тэрбум гаруй тонн мөс хайлж, далай руу урсдаг байна. Энэ нь дэлхийн далайн түвшнийг жилд 0.6 мм-ээр нэмэгдүүлдэг ба энэхүү тоо нь 2012 оноос хойш гурав дахин өссөн үзүүлэлт юм. Дээрх тоог судалгааны багийнхан хиймэл дагуулын зураглалыг ашиглаж, хайлсан мөсний хэмжээ болон далайн урсгалын эсрэг явж буй хурдыг хэмжиж гаргасан байна.

 
Image: The Guardian

 

Антарктидийн мөс хайлж буй хурд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны дулаарлын гол хэмжигдэхүүнүүдийн нэг юм. Мөн энэхүү үзэгдэл нь нам дор газар оршдог арлын орнууд болох Соломоны арал, Мальдив гэх мэт газар нутгуудад хүндээр тусч байгаа аж.

Судалгааны багийг ахалсан NERC хүрээлэнгийн захирал, судлаач Эндрю Шефердийн хэлж буйгаар “Тус тивийн агаарын хэм байх ёстой хэмжээнээсээ Цельсийн хагас хэмээр илүү гарч, мөсний захаас нь жил бүр 5 метрийг хайлуулан урсгаж байгаа нь далайн түвшнийг дээшлүүлэхэд хүргэж байна "гэжээ. 

Хүлэмжийн хийн хэт их ялгаруулалт болон дэлхийн дулаарал нь далайн түвшин дээшилж, Хойд туйлын мөс хайлах гол шалтгаан болж байгаа юм. Дэлхийн 200 гаруй улс дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "Парисын гэрээ"-нд 2016 онд гарын үсэг зурсан. Уг гэрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг 2 градусаас хэтрүүлэхгүй гэсэн амлалтуудыг өгсөн юм.

Тэгвэл тус гэрээг улс орнууд мөрдлөгөө болгож, амлалтаа биелүүлэхээс гадна дэлхийн иргэн бүр хүчин чармайлт гаргах нь Антарктидийн мөс хайлж, устахаас сэргийлэх арга замуудын нэг болно. 

 

Эх сурвалж: weforum.org