Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Халуунаас сэргийлэхийн тулд Япон улс зуны цагт шилждэг болж магадгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Токио 2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзахдаа тамирчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зуны цагт шилждэг аргыг нэвтрүүлэх хүсэлт гаргажээ.

Энэ зуны хэт халалтын улмаас Япон даяар 120 гаруй хүн амиа алдаад байна. 2020 оны олимпийн наадам долоо, наймдугаар саруудад буюу тус улсын хамгийн их халдаг цаг үед болох тул тэмцээн уралдааны чанарт нөлөөлнө гэсэн айдас үүсээд байгаа юм.

Санкэй Шимбун сонинд мэдээлснээр Японы засгийн газар ирэх оны зунаас эхлэн зуны цагт шилждэг болох талаар судалж байгаа гэнэ.

Ингэснээр өглөө эрт сэрүүн үед иргэд ажлаа амжуулдаг болох ажээ.

Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа Мори “Зуны цаг зөвхөн олимпийн наадамд хэрэгтэй биш, бас байгаль орчныг хамгаалах олон улсын чиг хандлагад нийцэж байгааг би түүнд тайлбарлалаа. Энэ үйлсэд Японы засгийн газар анхдагч болох ёстой. Ерөнхий сайд саналыг нааштай хүлээж авсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Тус улсын олон нийтийн суваг NHK иргэдийн дунд санал асуулга зохион байгуулахад 51 хувь нь зуны цагт шилждэг болохыг дэмжиж, 12 хувь нь эсэргүүцсэн байна.

Санкэй Шимбуны мэдээнд өгүүлснээр засгийн газар зуны улиралд цагийг 2 цагаар урагшлуулдаг болох туршилтыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Япон улс нь зуны цагт шилждэггүй өндөр хөгжилтэй цөөхөн орнуудын нэг юм.

Өмнөд Солонгос мөн зуны цагт шилждэггүй ч Сөүлийн олимпийг 1988 онд зохион байгуулах үеэр нэг цагаар ухраах арга хэрэглэж байжээ.

 

Эх сурвалж: Japan Today