Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компанийг хувийн өмчлөлд шилжүүлэх тухай Илон Маск мэдэгдсэний дараа хувьцааны арилжааг нь зогсоов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск цахилгаан хөдөлгүүрт машин үйлдвэрлэдэг тус компанийг хувьд шилжүүлэх талаар бодож байгаагаа твиттер хуудсандаа бичжээ. Тэр бас ингэхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдээд байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ мэдэгдлийн дараа хөрөнгийн зах зээл үймж эхэлсэн тул Теслагийн арилжааг өдрийн 2:00 цагийн үед зогсооход хүрсэн байна.

Маск бас компанийнхаа зах зээлд арилжаалагдаж байгаа хувьцаануудыг нэгжийг нь $420-оор авах боломжтой болсон тухай дурдсан юм. Энэ нь Теслагийн хувьцааны өчигдрийн ханшаас 22 хувь өндөр дүн байв.

Илон Маскын мэдэгдлээс өмнө Саудын Арабын баялгийн сан Теслагийн $3 тэрбумын дүнтэй хувьцааг хоёрдогч зах зээлээс худалдаж авсан тухай мэдээлэл тарж, үүнтэй зэрэгцэн хувьцааны үнэ нь 6 хувиар өсөөд байжээ.

Гэхдээ Арабуудын авсан хувьцаа нь тус компанийн эзэмшлийн 5 хувьд хүрэхгүй хэмжээтэй юм. Хэрвээ Маскын мэдэгдэл үнэн бол тэр Теслаг хувьд шилжүүлэх $70 орчим тэрбумын хөрөнгийг олоод байгаа гэсэн үг.

 Уг мөнгийг гаргах этгээд нь Саудын Арабын сан ч байж магадгүй байна.

Нээлттэй компани байх нь Маскын хувьд олон нийтийн зүгээс байнга шүүмжлүүлэхэд хүргэж байгаа тул тэр ийм замыг сонгож байх магадлалтай.

Амласан хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байгаа, ашигт ажиллагааны түвшинд хүрээгүй мөртлөө маш их зардал гаргаж байгаа зэргээс болоод Маск байнга хэл амны бай болж байгаа.

Тэр бас хувьцааг нь буцаан зарж байгаа хөрөнгө оруулагчдыг “биднийг үхүүлэхийг хүсдэг новшийн амьтад” хэмээн шүүмжилж, сошиал сүлжээнд хэрүүл маргаан дэгдээж байв.

Одоогоор Тесла компани Маскын бичсэн зүйлийн талаар албан ёсны мэдэгдэл гаргааүй байна.

 

Эх сурвалж: Quartz