Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Утаа их ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг БГД-ийн нутаг дэвсгэрээр зорчуулахгүй

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас 2017 онд "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг батлан гаргасан. 

Уг тогтоолын 4.3.1-т Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа, стандартын шаардлага хангахгүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг үе шаттайгаар хориглоно хэмээн заажээ.

Дээрх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд БГД-ийн Засаг дарга захирамж гаргаж стандартын шаардлага хангахгүй буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс утаа их ялгаруулж байгаа автотээврийн хэрэгслийг тус дүүргийн нутаг дэвсгэрээр зорчихыг хориглох, зөрчлийг нь арилгуулах ажлыг дүүргийнхээ Замын цагдаагийн хэлтэст даалгасан байна. 

"Утаа их ялгаруулж буй100 орчим тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж аваад байна"
 

Энэ талаар БГД дэх Замын цагдаагийн хэлтсийн Техник, замын зохион байгуулалт хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад Э.Алтанболдоос тодрууллаа.

-Зөвшөөрөгдөх хэмжээнээс утаа их ялгаруулж байгаа автотээврийн хэрэгслийг дүүргийн нутаг дэвсгэрээр зорчихыг хэзээнээс хязгаарласан бэ?

-"БГД-ийн нутаг дэвсгэр дээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд зарим төрлийн авто тээврийн хэрэгслийг зорчихыг хязгаарлах тухай" Засаг даргын захирамж 2018 оны гуравдугаар сард гарч, наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. 

Энэ ажил хэрэгжиж эхлэхээс өмнө 2018.06.01-2018.08.01 хүртэл холбогдох мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулсан. 

Захирамжийн хүрээнд  наймдугаар сарын 1-нээс эхлэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа, стандартын шаардлага хангахгүй автотээврийн хэрэгслийг дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулахгүй ажлыг зохион байгуулж, тодорхой цэгүүдэд зөөврийн утаа хэмжигч төхөөрөмжтэй манай албан хаагчид болон мэргэжлийн хүмүүс хяналт шалгалт хийж байна.

Дизель болон бензин хөдөлгүүртэй автомашинд тавигдах стандарт өөр, хэмжих тоног төхөөрөмж нь ч өөр байдаг. Тиймээс зориулалтын хоёр төхөөрөмжийг лого таних тэмдэг бүхий автомашинд суурилуулаад шалгалтыг хийж байгаа. Тортогжилтын хэмжээг газар дээр нь шалгаад стандартад заасан хэмжээнээс илүү байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 20,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Баянгол оношилгооны төвд шилжүүлж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд гаргаж байгаа тортогийг багасгах чиглэлээр засвар үйлчилгээ хийгээд дахин хэмжүүлээд стандарт хэмжээнд байвал бичиг баримтаа буцаан авч болно. 

-Наймдугаар сарын 1-нээс хойш стандартад зааснаас утаа их ялгаруулж байгаа хэчнээн автотээврийн хэрэгслийг саатуулсан бэ?

-Өнөөдрийн мэдээгээр 100 орчим тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж аваад байна. Мөн явуулын оношилгоо байхгүй газруудад илт утаа их ялгаруулж байгаа автомашинуудад манай алба хаагчид зөрчлөө арилгах тухай шаардлага тавиад явж байгаа.

-Иргэдийн зүгээс нийтийн тээврийн хэрэгсэл, автобуснууд маш их хар утаа ялгаруулж байна гэх шүүмжлэлийг хэлдэг. Шалгалтын явцад автобуснуудад ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Стандарт хэмжээнээс утаа их ялгаруулж байгаа автобуснуудын бичиг баримтыг Нийтийн тээврийн газарт шилжүүлж байгаа. Автобусны зөрчлийг арилгуулах ажлыг тус газраас зохион байгуулдаг. Ер нь бол нийтийн тээврийн хэрэгсэл жилд хоёр удаа үзлэг оношилгоонд ордог. 

Автомашины ялгаруулж байгаа утааг багасгах чиглэлээр юу хийж байна вэ?

Монгол Улс 940,327 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 496,720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Нийт автомашины 757,157 нь буюу 80 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан гэх статистик мэдээлэл бий. 

Хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн зарим нь тухайлбал гэр хорооллын яндангийн утаас дулааны улиралд байхгүй болдогч автомашины яндангаас гарах утаа жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй гарсаар, нийслэлий авто машины тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байгаа.

Жишээ татахад, нэг суудлын машин нэг км замыг туулахад 0.43 гр, 10 мин түгжрэлд зогсоход 0.59 гр NOx ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг ажээ. NOx гэх нэгдэл нь агаар мандлыг гэмтээгч, озон болон хүчиллэг бороог үүсгэдэг NO2 буюу азотын давхар ислийг агуулж байдаг. 

Тиймээс автомашины яндангаас гарах бохирдлыг бууруулах нь зөвхөн Улаанбаатарын биш дэлхий нийтийн асуудал болоод буй.

Энэ чиглэлээр манайд хэрэгжиж байгаа нэгэн эерэг төслийг танилцуулахад, Японы олон улсын хамтын ажиллагааны “JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад “DPF” шүүлтүүрийг суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн. 

 

Мөн "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-т автомашинаас гарах бохирдлыг бууруулах чиглэлээрх дараах ажлуудыг хийхээр тусгажээ.

4.3. Автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах цогц арга хэмжээ авах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.3.1. хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа, стандартын шаардлага хангахгүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг үе шаттайгаар хориглох;

4.3.2. “Евро-5” стандартад нийцсэн чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжих, стандартын шаардлагад нийцээгүй шатахууныг импортоор оруулах, хэрэглэхийг үе шаттайгаар хориглох, шатахууны чанарын хяналтын тогтолцоог сайжруулах;

4.3.3. тээврийн хэрэгслийг хийн түлш, цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай техник, технологи, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж турших, нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд үе шаттайгаар шилжүүлэх... гэх мэт.