Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр сурагч биологийн олимпиадаас хос хүрэл медаль авч түүхэн амжилт үзүүллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
 

Олон улсын биологийн олимпиад буюу IBO нь жил бүр олон улсын ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог, биологийн олон асуулт, бодлогуудыг бодож өрсөлддөг олон улсын тэмцээн. Оролцогчид нь тухайн жилийнхээ олимпиадын улсын эхний байрын сурагчид байх ёстой юм.

Энэ жилийн 29 дахь олимпиадыг Ираны Тегеран хотод Ираны Боловсролын Яам Тегеран болон Tarbiat Modares, Sharif University of Technology, Shahid Beheshti их сургуулиудтай хамтран 7 дугаар сарын 15-22-ны хооронд амжилттай зохион байгуулсан ба 71 орны 269 сурагчид оролцжээ. Улс төрийн нөхцөл байдлаас хамааран энэ удаагийн олимпиадад АНУ зэрэг зарим орнууд оролцоогүй байна. 

Олимпиадын шалгалт нь онолын болон туршилтын гэсэн 2 хэсгээс бүрддэг. Энэхүү тэмцээнд оролцогчид нь биологийн шинжлэх ухаанд дур сонирхолтой, бүтээлч, шаргуу хичээнгүй байх зайлшгүй шаардлагатай. Олон улсын биологийн тэмцээн нь жил бүр IBO-ийн(International Biology Olympiad) гишүүн орнуудад ээлжлэн зохион байгуулагддаг, долоо хоног үргэлжилдэг

Анхны олимпиад 1990 онд Чехословак улсад зохион байгуулагдаж байжээ. Энэхүү тэмцээнд нэг улсаас хамгийн ихдээ 4 сурагч, 2 ахлагч багш оролцох боломжтой юм. 

 

Монгол Улсаас Олон Улсын Биологийн Олимпиадаас хоёр сурагч хүрэл медаль хүртэж байсан. Энэ жилийн олимпиадаас МБПарк ахлах сургуулийн сурагч Бямбаагийн Билгүүн, Орчлон сургуулийн сурагч Амарсанаагийн Ашид нар амжилттай оролцон мөн хоёр хос хүрэл медаль авчирчээ.

 

Тэмцээнд оролцсон багш нарын хувьд бүтэн 3 өдрийн туршид тасралтгүйгээр сууж олимпиадын материалуудыг эх (монгол) хэлнээ орчуулжээ. Нийтдээ 4 дадлага ажил, 2 онолын 100 гаруй хуудас материалыг 3 өдөрт орчуулна гэдэг бол маш их хүч, хөдөлмөр зарсан том ажил. Орчин цагийн биологийн мэргэжлийн олон үг хэллэг монгол хэлэнд тэр бүр хэрэглэгддэггүй нь бэрхшээл учруулдаг байна. Энэ удаагийн тэмцээнд зочин шүүгчээр МБПарк сургуулийн биологийн багш н.Цогт-Итгэл мөн оролцож өөрийн шавь болон Монголын баг сурагчдыг амжилттай оролцуулаад иржээ. 

 

Олимпиадад амжилт үзүүлсэн МБПарк сургуулийн сурагч Билгүүнтэй ярилцлаа.

- Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Оролцсон амжилтынхаа талаар товч ярина уу?

- Баярлалаа. Олимпиадын хувьд Монгол Улсаас 4 хүүхэд явснаас 2 медальтай ирсэн анхны тохиолдол боллоо. Манай улсад 1 мөнгө 3 хүрэл медальтай бөгөөд үүнийг сүүлийн 4 жилийн хугацаанд авсан. Монгол улс 1997 оноос хойш энэ олимпиадад оролцож эхэлсэн ба дунд нь оролцолгүй завсарласан хэдэн жилүүд бий. Анх 4 хүрэл медальтай байсан ч энэ жил дахин тооцоолол хийж Монгол Улс анхны мөнгөн медальтай болсон. 

- Биологийн хичээлийг сонирхон судлах болсон шалтгаан юу байв? 

- Багадаа эмч болох мөрөөдөлтэй байсан. Гэсэн хэдий ч эмч л гэхээс биш яг ямар хичээл үзэх ямар салбарын эмч болох талаар ямар нэгэн ойлголтгүй дунд ангиа улсын сургуульд төгссөн. Ахлах ангидаа МБПарк ахлах сургуульд элсэн орж биологийн чиглэлийг илүү сонирхох болсон. Биологийн хичээлийг анх орж ирж байхад сонгон суралцдаг хүүхдүүд бага ангидаа 10 дотор багтах хүүхэдтэй л хичээллэдэг байсан.

Миний үеийн хүүхэд залуучууд энэ хичээлийг сонгон судалж мөн чанарыг нь таних нь бага болж зөвхөн эмч л биологи үздэг биш биологи гэдэг том модны ард маш олон салаа мэргэжил, салбар байдаг талаар ойлголт дутмаг байдаг юм шиг санагддаг. Тиймээс энэ чиглэлээр илүү олон хүүхэд сураасай гэж боддог.

- Манай улсын боловсролын системд судалж байгаа биологийн хичээлийн хөтөлбөр бусад орнуудын хөтөлбөртэй хэр ойрхон дүйцсэн хөтөлбөр гэж үзэж байна вэ? Олимпиадад оролцохоор бэлдэж байхад хүндрэл хэр гарч байв?  Лабороторийн ажил болон онолын мэдлэгээ хэрхэн хангаж оролцов?

- Монгол Улсын боловсролын систем улсын сургуулиуд өөрчлөгдөж сайжирч байгаа ч гэсэн төдийлэн дэлхийн хэмжээнд хүрэх болоогүй байна. Оросын хуучин социалист нийгмийн боловсролын жишгийг дагадаг хэвээрээ л юм шиг санагддаг. Бусад орны хүүхдүүд ахлах сургуулиасаа эхлэн дадлага онолыг хослуулж лабораторийн чадварыг сууриас нь эхэлж заадаг бол Монгол Улсын сургуулиудад төдийлөн сурч дадах боломж бага, зөвхөн онолоор нь л хүүхдийг хөгжүүлдэг. Энэ нь бас л нэг дэлхийн жишгээс өөр зүйл болж байна. Улс нийслэлийн олимпиадад хувийн сургуулийн хүүхдүүд илүү оролцдог нь үүний баталгаа болж болно. Мөн дээрээс нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарын сурах бичгийг судлаад дүүргийн олимпиадад гарч ирж болох хэдий ч цаашлаад дараа дараагийн шатны олимпиад, гадаад дотоодын шалгалтад тэнцэх нь бэрх.

Миний хувьд сурч судлах сурах бичгүүдийг маань сургууль бүрэн хангадаг байсан учир тиймэрхүү асуудлууд үүсээгүй. Дадлага онолын шалгалтын хувьд ихэнхдээ манай улс дадлага буюу лабораторийн ажилд сайнгүй оноо авдаг. Тиймээс жил бүр Биологийн Олимпиадын Хороо улсын Биологийн олимпиадад амжилттай оролцсон эхний 4 байрны хүүхдийг сонгон авч Монгол Улсын Их Сургуульд бэлддэг.  Онолын хичээлийг хаана ч бэлдэж болдог, ном сурах бичиг хангалттай байдаг бол дадлагын ажлыг бэлдэх хугацаа бага байдаг нь харамсалтай.

- Манай сурагчдын хувьд олон улсын олимпиадаас 1 мөнгө 3 хүрэл медальтай боллоо. Медалийн өнгөө өөрчлөх боломж манай сурагчдын хувьд хэр байна вэ?

- Монгол хүүхдүүд сэтгэн бодох, аливаа юмны учрыг ойлгох чадвар бусад хүүхдүүдээс илүү санагддаг. Миний бодлоор бол хүүхдүүдэд бүрэн боломж байгаа. Интернет мэдээллийн эрин үед мэдэхгүй зүйлээ мэдэх боломж өдөр бүр цаг тутамд олдож байна. Тиймээс бидний онолын мэдлэг бусдаас илүү ч болох боломж байгаа. Хүүхдүүд олон улсын медальтай болоод ямар ашиг байгаа вэ гэж их асуудаг. Монголоос бол Улсын олимпиадад эхний байруудыг авсан хүүхдүүдэд Монгол Улсын Их Сургуульд хөнгөлөлттэй сурах эрхийг өгдөг. Харин миний хувьд олон улсын медальтай хүүхдүүд гадны нэр хүндтэй сургуулиудад элсэн сурах илүү боломжтой байдаг тул энэ бол надад хамгийн том давуу тал нь болсон.

- Олон улсын олимпиадаас медаль авна гэдэг мэдээж амаргүй байх. Маш их хичээж зүтгэж авсан медальтай сурагчийн хувьд цаашдын чиний мэргэжил сонголт болон карьер төлөвлөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?

- Хүсэл зорилгийн хувьд өмнө хэлж байсан эмч болно гэсэн мөрөөдөлтэйгөө одоо хүртэл явж байна. Гэхдээ эмч дотроо мэдрэлийн мэс засалч болох хүсэлтэй байна. Анх дунд сургуульдаа ингээд сурч байгаад ЭЕШ-аа өгөөд л АШУҮИС-д ороод сурна гэж боддог байсан. Харин ахлах сургуульдаа одоо суралцаж буй сургуульдаа шилжиж ирээд гадаадад сурах мэргэжлээ илүү нарийн сонгох хэрэгтэйгээ ойлгосон. Цаашдаа мэргэжлээрээ сурч боловсроод сайн мэс засалч болохын хажуугаар мэдрэл буюу neuroscience гэсэн чиглэлийг илүү гүнзгийрүүлж хүний тархи мэдрэлийн системийн тайлагдаагүй нууцыг тайлахыг хүсч байна.

-Танд баярлалаа. Цаашдын хүсэл мөрөөдөл, карьер төлөвлөлтөд чинь амжилт хүсье.