Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд эртний солироос амьдралын эх үүсвэрийг хайж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хэсэг эрдэмтэд манай дэлхийн амьдралын эх үүсвэрийн талаар мэдээлэл өгч чадах нэн эртний солирыг олсноо судалж байгааг мэдээлжээ.

Уг чулуулаг нь манай нарны аймгийг үүсэн бүрэлдэж байх үед буюу 4.5 тэрбум жилийн өмнө бий болсон эд гэнэ. Түүний бүтцийг нарийвчлан судалснаар манай дэлхийн амьдрал хэрхэн үүссэнийг тодорхойлж чадах ажээ.

Мөн үр дүнд нь бусад гарагт амьдрал байх боломжтой эсэхийг ч хэлж чадах гэнэ. Эртний солирын бүтцэд нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот, хүхэр зэрэг амьдрал бий болоход хэрэгтэй чухал элементүүдийн ул мөр байгааг эхний судалгаагаар тогтоожээ.

Хэрвээ ийм органик бодисууд нарны аймгийг бүрэлдэх үед өөрөө бий болсныг баталбал бусад оддын системд ч амьдрал үүсэх боломж байгаа, амьдрал агуулсан гарагууд цөөнгүй байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрэх юм.

Манчестерийн Их сургуулийн эрдэмтдийн судалж байгаа шиг ийм эртний солир маш ховор байдаг. Учир нь галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт зэрэг үзэгдлийн үед эдгээр баримтууд нь устаж үгүй болж байдаг гэнэ.

“Манай дэлхий бол байнгын хөдөлгөөнд оршдог гараг. Энэ үедээ өөрийн эртний баримт дурсгалуудыг устгаж байдаг юм” хэмээн тус сургуулийн Дэлхий ертөнц, Байгалийн судлалын салбарын эрдэмтэн Ромайн Тартес тайлбарлажээ.

Тэд уг солирын бүтцийг тодорхойлохын тулд сүүлийн хоёр жилийн турш ажиллаж байгаа гэнэ.

Эртний солирт агуулагдаж буй чухал бодисууд нь нарны аймгийг бүрэлдэн бий болох үед химийн урвалаар бий болсон нь тогтоогдвол амьдрал манай дэлхийд бусад оддын системээс дамжиж, өвлөгдөж ирсэн гэх таамгийг няцаана гэж судлаачид тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Independent