Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Тал нутгийн марафон-Богдхан ултра трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Тал нутгийн марафон-Богдхан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил Богдхан уулын Шавартын аманд энэ сарын 19-нд зохион байгуулагдана.

Марафонд олон улсын ултра трайл гүйлтийн тамирчин, ууланд авирагч Франц улсын иргэн Карол Фүкс, Япон улсын хөл нүцгэн гүйлтийн тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай тамирчид урилгаар хүрэлцэн ирж оролцох бөгөөд дотоодын 1,000 гаруй, гадаадын 200 гаруй тамирчин оролцох төлөвтэй байгаа аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар "Тал нутгийн марафон гүйлтийн тэмцээн нь энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдхаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Энэ жилийн хувьд тус тэмцээнд анх удаа нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон гадаадын олон байгууллага хамтран зохион байгуулж байна. Уламжлал ёсоор гурван км, таван км, 10км, 21км-ийн зайн уралдаан болохоос гадна Монголд анх удаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн төрөл нэмэгдэж байгаагаараа онцлогтой. Ултра Трайл гүйлтийн төрөл нь Богдхан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээт, Дугуй цаанаас Зайсан толгой хүртэл нийт 50 км-ын зайд болно.

Тус тэмцээнд нийт иргэд болон спорт сонирхогчидыг өргөнөөр оролцохыг урьж байна. Дашрамд дуулгахад тэмцээний үеэр олон соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно" гэж ярьлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Энэхүү олон улсын тэмцээд Улаанбаатар хотын зүгээс их ач холбогдол өгч байгаа. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын А674 дугаар захирамжаар жил болгоны наймдугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гараг болгон энэ "Тал нутгийн марафон"-ыг нийслэлээс зохион байгуулж, оролцхоор болсон. Одоогоор тэмцээнийг зохион байгуулахаар ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Улаанбаатар хотод жил болгон тавдугаар сард марафон зохион байгуулагддаг. Энэ жил тавдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан марафон гүйлтийн тэмцээнд 30 мянга гаруй дотоодын тамирчин болон 400 гаруй гадаад тамирчин оролцсон. Иймд нийслэлийн аялал жуулчлалын газар жил болгон "Тал нутгийн марафон"-ыг зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзсэн.

Жил бүр наймдугаар сард зохион байгуулахаар болсон учраас дараа жил тэмцээнд оролцох гадаадын тамирчид ч гэсэн тодорхой мэдээлэлтэй өөрсдийн ирж, очих онгоцны тийз гэх мэт зүйлсээ зохицуулахад нь илүү дэмжлэг болно" гэж Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин хэлэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Шёова холдингс" группын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамир " Манай компанийн зүгээс уг тэмцээнийг жил бүр тогтмол ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж ажилласаар ирсэн. Тус уралдаанд 50 километрийн гүйлт нэмэгдэж орж байгаагаараа онцлогтой. Мөн энэ удаад Япон Улсын тамирчдаас гадна Тайланд, Малайз, Хятад, Непал болон Европ, Америк тивийн улс орноос олон тамирчин, спорт сонирхогчид ирэх болно.

Тэмцээний шагналыг бид нилээд өргөн цар хүрээтэй болгосон. Тухайлбал, 50 километрийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монголын нэг тамирчинд нас харгалзахгүйгээр олон улсын "Ултра трайл" тэмцээнд оролцох эрхийн бичиг олгон бүх зардлыг нь дааж, спортын амжилтыг нь дэмжинэ. Манай компани цаашид ч тус уралдааныг илүү өргөн болгох үүднээс тасралтгүй ажилласаар байх болно" гэлээ.

Тал нутгийн марафон буюу "Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафонд оролцох тамирчидын автобус 19-ны 07:00 цагт Спортын төв ордны урд талаас хөдлөх бол Богдхан ултра трайл 50 километрын зайд уралдах тамирчидын автобус 19-ны шөнө 03:30 цагт Д.Сүхбаатарын талбайгаас хөдөлнө.

Шагнал

Уулын жим 50 километрын төрөлд:

-18-49 насны ангилалд эр, эм тус тусдаа

  • Нэгдүгээр байр 500,000 төгрөг, цом, өргөмжлөл
  • Хоёрдугаар байр 400,000 төгрөг, цом, өргөмжлөл
  • Гуравдугаар байр 300,000 төгрөг, цом, өргөмжлөл

-50-с дээш нас эр, эм тус тусдаа      

  • Нэгдүгээр байр 500,000 төгрөг, цом, өргөмжлөл
  • Хоёрдугаар байр 400,000 төгрөг, цом, өргөмжлөл
  • Гуравдугаар байр 300,000 төгрөг, цом, өргөмжлөл

Тал нутаг 3, 5, 10, 21 километрын төрөлд:

-3,5,10 километрт эр, эм тус тусдаа

  • Нэгдүгээр байр 100,000 төгрөг, медаль, өргөмжлөл
  • Хоёрдугаар байр 80,000 төгрөг, медаль, өргөмжлөл
  • Гуравдугаар байр 60,000 төгрөг, медаль, өргөмжлөл

-21 километрт эр, эм тус тусдаа     

  • Нэгдүгээр байр Хурдан удмын даага, цом, медаль, өргөмжлөл
  • Хоёрдугаар байр 100,000 төгрөг, цом, медаль, өргөмжлөл
  • Гуравдугаар байр 90,000 төгрөг, цом, медаль, өргөмжлөл
  • Дөрөвдүгээр байр 70,000 төгрөг, цом, медаль, өргөмжлөл
  • Тавдугаар байр 60,000 төгрөг, цом, медаль, өргөмжлөл
 
Гэрэл зургийг mpa.mn

Франц улсын иргэн Карол Фүкс "Уралдааныг олон улсад сурталчлах зорилгоор гүйлтийн удирдагчаар ажиллаж байна. Миний хувьд энэ арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна.Өнгөрсөн жил Монгол Улсад анх ирээд гүйлтийн замыг нээж байсан. Та бүхэн тэмцээндээ иэдхитэй оролцохыг хүсэж байна" гэв

Бүртгэл энэ сарын 18-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд msut.run хаягаар орж цахимаар бүртгүүлэх боломжтой.

Мөн "Тал нутгийн марафон" төрөлд Спортын төв ордон дахь Спортын дунд сургуулийн 3 давхар 307 тоотод, "Богдхан ултра трайл"-ын төрөлд Монголын Үндэсний Олимпын хорооны нэг давхар 110 тоотод тус тус бүртгэл явагдаж байна.

Тэмцээний хураамж "Тал нутгийн марафон" 10,000 төгрөг тээврийн зардал, энгэрийн дугаар, футболк багтсан бол Богдхан ултра трайл 50 км 60,000 төгрөгийн хураамжид тээврийн зардал, энгэрийн дугаар, футболк, тэжээллэг хоол хүнс багтсан байна.

Хөтөлбөр