Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хэт халалтын улмаас Европын цөмийн цахилгаан станцуудын ажиллагааг зогсоож эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Цөмийн эрчим хүч бол хүлэмжийн хий ялгаруулалгүй бий болдог манай дэлхийн хамгийн том цахилгааны эх үүсвэр.

Гэхдээ нэг сул тал байдаг нь үүнийг ажиллуулахад маш их ус хэрэгтэй болдог. Европ даяар агаарын хэт халалт бий болсноос Грек, Шведэд ой хээрийн түймэр дэгдэж, мөнхийн ногоон байдаг Британий арлыг гандааж хатаагаад байгаа. Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн нөлөөгөөр тус тивийн цөмийн цахилгаан станцууд ажиллагаагаа зогсооход хүрчээ.

Францын EDF эрчим хүч үйлдвэрлэгч өнгөрсөн Бямба гарагт өөрийн гурван станц дахь цөмийн дөрвөн реакторыг зогсоосон байна.

Шведийн Vattenfall мөн өнгөрсөн долоо хоногт хоёр реакторынхаа нэгийг унтраасан бол Финланд, Герман, Швейцарийн станцууд үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээгээ бууруулахад хүрсэн гэнэ.

Нүүрсээр болон цөмийн эрчим хүчээр ажилладаг дулааны цахилгаан станцууд турбинуудыг эргэлдүүлэхийн тулд өндөр температуртай уурыг ашигладаг. Өөрөөр хэлбэл дулааны эрчим хүчийг цахилгаан болгон хувиргадаг юм.

Гэвч уурын температур буурах үед буцааж ус болгон шингэлээд дахин халааж уур гаргах замаар ажилладаг. Учир нь ус хийнээс илүү түргэн халдаг гэнэ.

Энэ үйл явцыг бий болгохын тулд буюу хийг буцааж ус болгоход хөргөх шаардлагатай байдгаас гол мөрөн, нуур цөөрөм, далайн усыг ашигладаг байна.

Гэтэл агаарын хэт халалт нь бас байгаль дахь усны температурт нөлөөлж халааснаас хөргөх чадваргүй болгожээ. Халалтаас шалтгаалж цөмийн цахилгаан станцууд зогссон нь анхны тохиолдол биш. 2003, 2006, 2015 онуудад мөн ийм шалтгаанаар станцуудын ажиллагааг зогсоож байжээ.

Зөвхөн агаарын халалтаас бус, мөн ган гачигаас болж эрчим хүчний үйлдвэрлэлд саад учрах явдал цаашдаа олон давтагдахыг эрдэмтэд анхааруулж байна.

 

Эх сурвалж: Quartz