Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Аум Шинрикё шашны бүлэглэлийн толгойлогчийг цаазлах тушаал өгсөн сайдыг бүх насаар нь хамгаална

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард шашны Аум Шинрикё бүлгийн толгойлогч Шоко Асахара болон бусад гишүүдийн цаазын ялыг гүйцэтгэсэн билээ.

Тэднийг 1995 оны гуравдугаар сард Токиогийн метронд сарин хий цацаж олон хүний амийг бүрэлгэсэн болон бусад аллагын хэрэгт буруутгасан юм.

Асахара болон бусад зургаан гишүүнийг долдугаар сарын 6-нд дүүжилсэн бол үлдсэн зургаан гишүүнийг долдугаар сарын 26-нд цаазалжээ.

Ялыг гүйцэтгэх тушаалыг Японы хууль зүйн сайд Ёко Камикава баталсан байна.

Цаазын ялыг гүйцэтгэхийн өмнө Аум Шинрикё бүлгийг залгамжлагч Алеф байгууллагын байрны орчимд цагдаагийн хамгаалалт гарсан ба энэ арга хэмжээ одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Толгойлогчийг нь цаазалсан явдалтай холбогдуулан уг бүлгийн гишүүдийн зүгээс ямар нэг сөрөг үйлдэл гарч болзошгүй гэж үзсэний улмаас ийм арга хэмжээ авсан гэнэ.

 

Тэгвэл тушаал өгсөн сайд Камикава болон түүний гэр бүлийн гишүүдийг насан туршид нь төрийн хамгаалалтад авах шийдвэр гаргасныг эрх баригч Либерал Ардчилсан Намын эх сурвалжаас уламжлан долоо хоног тутмын Flash сэтгүүлд мэдээлжээ.

Шашны бүлэглэлийн зүгээс өшөө авах боломжтой гэж үзээд сайд болон сайдын нөхөр, эцэг эх, охин, ач нарыг тусгай хамгаалалтад авахаар болсон байна.

Одоогоор тус бүлгийн зүгээс ямар нэг заналхийлэл, тэр ч байтугай харамсаж гашуудсанаа харуулсан үйлдэл, үг хэл огт гаргаагүй байгаа гэнэ. Гэхдээ Асахарагийн номлолд үнэнч хүмүүс ямар ч аюултай үйлдэл төлөвлөж байж болзошгүй гэж засгийн газар үзжээ.

 

Эх сурвалж: Japan Today