Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмет Язал: Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч орон болж ойлгогдоод байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, өнгөрсөн долдугаар сарын 27-нд болсон Эмпати сургуулиудын захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэргийн талаар байр сууриа илэрхийллээ.  

Турк улсад 2016 оны долоодугаар сарын 15-нд төрийн эргэлт болсон бөгөөд үүнийг Фетуллах Гүлен болон түүний удирддаг FETO бүлэглэл зохион байгуулсан хэмээн тус улс үздэг. Уг хэргийг мөрдөн шалгах үйл явц өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Эмпати сургуулиудыг FETO хэмээн нэрлээд буй бүлэглэлтэй холбоотой ба террорист үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа хэмээн Турк улс үзэж байгаа талаар Элчин сайд Ахмет Язал ярилаа. Тиймээс Эмпати сургуулиудыг, удирдлагуудыг нь Туркийн талд хүлээлгэн өгөх талаар сүүлийн үед болсон хоёр орны айлчлал, уулзалтуудаар байнга илэрхийлж байгаагаа хэлсэн. Мөн долоодугаар сарын 27-нд болсон үйл явдалтай Элчин сайдын яам ямар ч холбоогүй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт, хууль хяналтын байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдлээ. 

Ийнхүү мэдээлэл өгснийхөө дараа Элчин сайд Ахмет Язал сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

Өдрийн сонин:

-Вэйсел Акчай гэж хүн одоо хаана байна вэ?

-Бид сайн мэдэхгүй. Оршин суугаа хаяг нь Монгол Улс гэдгийг мэдэж байгаа. Одоо Монголд байгаа эсэхийг Монголын хууль, хянатын байгууллагынхан мэдэх байх. Ямар ч байсан ЭСЯ-нд оршин суугаа хаягаа мэдээлэх үүрэг хүлээдэггүй.
  
-Гэрийнх нь гаднаас хүмүүс бариад явсан гэсэн. Тэр үйл ажиллагаанд ЭСЯ оролцсон уу, оролцоогүй юу. Ер нь ямар хамааралтай юм бэ? Гаднын хүмүүс манай нутаг дэвсгэр дээр ирээд өөрийнхөө хүнийг бариад явчихаж байна. Энэ талаарх ойлголт одоо болтол бүрхэг хэвээр байна?

-Засгийн газрыг төлөөлж буй хүний хувьд албан ёсоор хэлье. Турк улсын Засгийн газар Монгол Улсын аливаа хууль тогтоомжийг хүндэтгэн үзэхгүйгээр хэн нэгнийг хулгайлаад авч явна гэж байхгүй. Ийм зүйл байх ч ёсгүй. Хэрэв ийм ажиллагаа явуулах хэрэгтэй бол тухайн улсын хууль, хяналтын байгууллагад албан ёсоор мэдэгдэх ёстой.
 
-Тэгвэл тэр ачаад авч явсан хүмүүс хаанахын, ямар учиртай хүмүүс юм бэ? 

-Үүнийг Монголын хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа байх.

-Эмпати сургуулиудыг одоо яах вэ?

-Хэрхэн шийдвэрлэхийг Монголын тал мэднэ. Бусад улс орон яаж шийдсэн бэ гэхээр тухайн улс улс мэдэлдээ авсан тохиолдол байна, Туркийн Засгийн газарт боловсролын асуудлыг хариуцуулсан улс ч байна. Зарим улсад бол бүр хаасан байгаа.
 
-Турк сургуулиуд манай боловсролын салбарт гарч ирсэн хамгийн сайн сургуулиуд. Тэнд суралцсан хүүхдүүд маш сайн орчинд, сайн боловсрол эзэмшдэг. Гэтэл энэ асуудалтай холбоотойгоор хүмүүсийн дунд яах бол гэсэн асуулт үүсээд байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Энэ талаар олон удаа байр сууриа илэрхийлж байгаа. Сурагчдын хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Гол нь эцэг, эхчүүдийн төлж байгаа төлбөр терорист байгууллагыг санхүүжүүлэхэд зарцуулагдаад байна. Тийм учраас Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч улс болж ойлгогдож байна. 
Сургуулиудыг хүлээлгэн өгснөөр сурагчид өнөөдөр хичээлээ тараад маргааш өглөө сургуульдаа очиход ямар нэгэн өөрчлөлтгүй байхгүйгээр, хэвийн үйл ажиллагаа явуулна. 

“Засгийн газрын мэдээ” сонин: 

-Вэйсел Акчай багштай холбоотойгоор Туркийн ЭСЯ-ны гурван ажилтныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлд гарсан. Үнэхээр танай хүмүүсийг шалгаж байгаа юу?

-Хууль хяналтын байгууллагаас хянан шалгах ажиллагаа явуулахад бидэнд санаа зовоод байх зүйл байхгүй. ЭСЯ-нд холбогдох байгууллагаас манай ажилтнуудыг шалгаж байгаа тухай мэдэгдэл ирээгүй. Нэг зүйлийг би маш итгэлтэйгээр хэлнэ. Манай ЭСЯ-ны албан хаагчдыг энэ явдалтай холбоотойгоор буруутгана гэж бодохгүй байна. Хэрэв ийм үйл ажиллагаа явуулж байгаа бол Монголын хууль хяналтын байгууллага үүнийгээ албан шугамаар мэдэгдэх байх. Хариултыг Монголын байгууллагууд өгөх байх. Бид хууль дээдлэх ёс, халдашгүй байдлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. 

ГХЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Улаанбаатарт буусан онгоц

-Тухайн өдөр Туркийн тусгай үүргийн онгоц буусан байсан. Энэ ямар учиртай онгоц байсан талаар янз бүрийн мэдээлэл гарсан. Энэ талаар яг тодорхой хариулт өгөхгүй юу? 

-Нууцаар ирсэн онгоц биш шүү дээ. ГХЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Улаанбаатарт буусан онгоц. Монголын талын зөвшөөрөл, мэдээлэлгүй байхад ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулна гэж байхгүй гэдгийг дахин хэлмээр байна. 

-Туркийн ЭСЯ Вэйсел Акчайтай холбоотойгоор хууль бус үйл ажиллагаа манай улсад зохион байгуулаагүй гэж байна. Тэгвэл манай төр засгийн аль нэг шатны байгууллагын зөвшөөрөлтэй ч юм уу, магадгүй хамтарсан байдлаар зохион байгуулсан зүйл байгаа юу? 

-Вэйсел Акчай гэдэг хүнийг Турк улс авъя гэдгээ Монголын Засгийн газарт илэрхийлсэн. Гэхдээ тус иргэнийг хэрхэн ямар хэлбэрээр хүлээлгэн өгөхөө Монгол Улс шийднэ. Хэрэв танай Засгийн газар тус иргэнийг шилжүүлэн өгнө гэж шийдвэл бид  хүлээн авах ажлыг зохион байгуулна. Хоёр улс хамтран шийдвэр гаргасан байлаа ч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр туркүүд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах эрхгүй. Монгол Улс ч гэсэн гаргасан шийдвэрийнхээ дагуу гадаадын улсаас тусламж авах шаардлагагүй байх. Тиймээс энэ асуултад Монголын тал хариулт өгнө. Долдугаар сарын 27-нд Улаанбаатарт болсон үйл ажиллагаанд Турк улс, ЭСЯ ямар ч холбоогүй. 

Ikon.mn:

-Өнгөрсөн хавар Турк Улсын Шадар сайд манай улсад айлчлахдаа Монгол Улсын Шадар сайдад сургуулиудыг өөрсдийн талд хүлээлгэн өгөхийг шаардсан тухай мэдээллүүд танай улсын хэвлэлүүдээр гарч байсан. Шилжүүлж өгнө гэдэг нь яг ямар утгатай вэ. Сургуулийн барилга байгууламжийг хэлж байна уу, эсвэл үйл ажиллагааг хэлээд байна уу. Тодорхой тайлбар өгөхгүй юу? 

-Өнгөрсөн саруудад болсон Турк Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын айлчлалын хүрээнд энэ асуудал яригдсан. Мөн Монгол Улсаас Турк улсад хийгдсэн айлчлалуудын үеэр ч яригдсан байгаа. Хоёр улс тусдаа хууль тогтоомжтой. Өөрсдийн орны хуулийн дагуу яаж шийдэж болохоор байна, ялангуяа Монголын тал яаж шийдэхээс хамаарна. Бид сонголт тулгаад байгаа юм байхгүй. Нэг гол зүйл бол сурагчдын эрх ашиг. Бидний зүгээс энэ сургуулиудыг ФЕТО байгууллагын удирдлагаас холдуулах л хүсэлтэй байгаа. 

Турк улсын хувьд үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан гэж мэдээлж байгаа бол тухайн улсын тусламжгүйгээр дангаар үйл явуулах ямар ч боломж байхгүй

-Өнгөрсөн сарын 27-нд болсон үйл явдлын үеэр Вэйсел Акчайг хулгайлах ажиллагаанд Монгол Улсын тагнуулын байгууллага Турк улстай хамтран хэрэгжүүлсэн тухай мэдээллүүд Туркийн мэдээллийн хэрэгслүүдээр эхэлж гарсан. Ямар учраас танай улсын хэвлэл мэдээлэл ийм мэдээлэл цацсан гэж бодож байна вэ? 

-Энэ талаар надад та нараас илүү мэдээлэл алга. Ерөнхийдөө янз бүрийн л хэвлэлийн байгууллагууд бичиж байсан. Олон улсын болоод Туркийн хэвлэлүүд ч мэдээлж байсан. Улс болгон өөрийн хууль хяналтын байгууллагатай. Турк улсын хувьд үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан гэж мэдээлж байгаа бол тухайн улсын тусламжгүйгээр дангаар үйл явуулах ямар ч боломж байхгүй.  

-Та түрүүн Улаанбаатарт газардсан онгоцыг ГХЯ-ны зөвшөөрлөөр буусан гэж хэллээ. Яг ямар зөвшөөрөл авсан бэ? 

-Онгоцны хувьд холбогдох зөвшөөрлийн дагуу ирсэн. Онгоц буухад ямар зөвшөөрлүүд авдаг вэ тэрний дагуу л авсан. Үлдсэн асуудал дээр Монголын тал илүү тодорхой хариулт өгөх байх.

-Дэлхийн 160 оронд сургуулиуд үйл ажиллагаа явуулж байгаа гэж та хэлсэн. Монгол Улсын хувьд сургуулиудыг хаалгах, багш нарыг авахаар байнга ярьж байгаа юм байна. Тэгвэл АНУ, Европын орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад мөн адил хандаж байгаа юу? 

-Туркийн Засгийн газар дангаар шийдэх боломжгүй. Тухайн улс орон ямар шийдвэр гаргаж байгаагаас хамаарна. Хамтран ажиллахыг дэмжсэн орнуудаа бид дэмжиж явж байна. 

“Зууны мэдээ” сонин: 

-Эмпати сургуулиудын тухай асуудал яригдаад удлаа. Энэ асуудал цааш сунжирвал хоёр орны харилцаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү? 

-Сургуулиудын үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө байхгүй. Гол нь болохгүй байгаа нөхдүүд сургуульд ажилласаар байвал харилцаанд тодорхой хэмжээнд таагүй уур амьсгал бий болно. 

МОНЦАМЭ агентлаг: 

-ГХЯ-ны зөвшөөрлөөр онгоц ирсэн гэж байна. Онгоц газардсан цаг, тэр багшийг гэрийнх нь өмнөөс авч явсан цагтай яг давхцсан. Онгоцонд байсан хүмүүс бууж ирээгүй гэсэн. Ирэхдээ нэг хүн аваад буцна гэж мэдээлсэн гэсэн. Тэгээд аваагүй буцсан. Тэр хүмүүс яг ямар үйл ажиллагаа явуулсан юм бэ. Дипломатын шугамаар орж ирсэн бол танай ЭСЯ-тай холбоотой байж таарна. Эсвэл үнэхээр дипломат шуудан авсан юм уу? 

-Турк улсын онгоц учраас ГХЯ-наас зөвшөөрөл авна. Үүнээс цааших асуултуудын хариултыг Монголын тал өгөх байх. Энэ тухай бүх мэдээллийг бид хэвлэлээс авсан.