Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сая сая Хятад хүмүүс оюун санааны хувьд “Финланд хүн” байхыг хүсэх болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хувийн орон зай, хувийн амьдрал гэдэг ойлголт зарим Хятад хүмүүсийн хувьд тансаг хэв маягт тооцогдох болоод байна.

Энгийн хүмүүсийн хувьд энэ нь хол хөндий зүйл. Тус улсын 1.4 тэрбум иргэн бүгд бие биедээ саад бололгүй зэрэгцэн амьдрах гэдэг хэцүү. Улс төрийн хувьд ч Маогийн үеэс угшилтай хувийн өмч, хувийн эрх ашгийг буруутгах үзэл санаа одоо ч амь бөхтэй байна.

Тэгвэл дэлхийн бусад улс үндэстнүүдээс даруу, тайван амьдралын хэв маяг, хувийн орон зайг эрхэмлэдгээрээ ялгардаг Финландчуудын соёл Хятадуудын анхаарлыг ихээр татаж, тэдэн шиг амьдрахыг хүсэгчдийн тоо нэмэгдэх болжээ.

Үүнд шог зураач, өөрийгөө финланд хүний түгээмэл шинжийг агуулсан хүн гэж үздэг Маттигийн “Finnish Nightmares” (финланд хүний зовлон) хэмээх цуврал комик ном нэмэр болсон байна.

 Уг номонд нийтэч бус, дуу цөөтэй, дотогшоо, бүрэг даруу финчүүдийг ямар тохиолдол эвгүй байдалд оруулдаг, таагүй сэтгэгдэл төрүүлдгийг ойлгомжтой комик зургуудаар илэрхийлсэн юм.

Тэгвэл Хятадын сошиал орчинд Финланд хэв маягийг дээдлэгч, өөрийгөө оюун санааны хувьд Финланд хүн гэж үздэг хүмүүс олноор бий болсон байна. Тэр бүү хэл Финланд сэтгэлгээтэй хүмүүсийг илэрхийлдэг “жинфэн” (jingfen) хэмээх үг бий болсон гэнэ.

Фин хүмүүстэй адил нийтэч бус, хувийн орон зайгаа дээдэлдэг хүмүүсийг энэ үгээр нэрлэх болжээ.

Тэдний зарим нь сошиал хуудсандаа “Би жинфэн тул онц шаардлагагүй бол бүү саад хийнэ үү!” гэсэн статус тавих болсон байна.

Маттигийн комик номны тухай мэдээллийг түүний блогоос үзэх боломжтой юм.

Жишээ нь Финланд хүн дэлгүүрт үнэгүй амталгаа хийхийг дотроо хүсдэг ч худалдагчтай нь яриа өрнүүлэхээс түвэгшээж, энэ хүслээ биелүүлж чаддагүйг дээрх зураг дээр үзүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian