Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

В.Мөнхтуяа: Иргэд нь хөдөлмөрлөх гэхээр төрийн бодлогын түвшинд хавчиж байгааг ойлгохгүй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын худалдаачдын холбоо /МХХ/ ТББ-аас Нийслэлийн удирдлагуудын буруу шийдвэрийг худалдаачид эсэргүүцэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Төрийн эрх барьж, дураараа дурьгиж байгаа хүмүүсийн оронд нь чаддаг нэгийг нь сонгох эрх иргэд бидэнд байгаа

 
Гэрэл зургийг Mpa.mn

МХХ-ны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа "Бид хотын менежер Т.Гантөмөрийг авлигатай тэмцэх газарт өгнө гэдгээ мэдэгдэж байна. Мөн МАН-ын ард түмэн рүүгээ чиглэсэн бодлого нь мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг байна. Тиймээс энэ намд мөрийн хөтөлбөрөө эргэж харах тухай шаардлагыг өнөөдөр хүргүүлнэ.

Мөрийн хөтөлбөрт нь ард түмнийг сайхан амьдруулж, ажилгүйдэл ядуурлыг бууруулна гэж байгаа боловч өнөөдөр иргэдээ тарчиг ядуу амьдрал руу түлхэж байна.

Мөн Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлагдах хүртэл ТҮЦ-ээр амь зууж байгаа иргэдэд ямар нэг дарамт учруулахгүй гэж хэлсэн боловч одоо бидэнд хүч хэрэглэн, эд хөрөнгөд халдаж, хохироож байгаа эдгээр үйлдлүүдийг зүгээр хараад л сууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр та амьдралд нийцсэн зүйл ярь. Яагаад цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байгаа хүмүүсийг адлаад байгаа юм. Тэнд эрэлт хэрэгцээ байгаа учраас л эдгээр хүмүүс үйлчилгээ эрхэлж байна. Иргэд нь хөдөлмөрлөж, өөрийн нийгэм эдийн засгийн баталгаагаа бий болгох гэхээр төрийн бодлогын түвшинд ингэж шахаж, хавчиж байгааг бид ойлгохгүй байна.

Төрийн эрх барьж, дураараа дурьгиж байгаа хүмүүсийг буулгаж, оронд нь чаддаг нэгийг нь сонгох эрх мэдэл иргэд бидэнд байгаа" гэлээ.

Бид үр хүүхдээ тэжээх гэж өөрсдийн хөдөлмөрөөр амь зууж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

МХХ-ны тэргүүн З. Пунсалдулам "Хотын менежер Т.Гантөмөр өөрийнхөө бизнесийг хөгжүүлэхийн тулд худалдаачдын амьдралыг уландаа гишгэж байна.

Биднийг удаа дараа очиж уулзахад шүүхийн шийдвэр хамаагүй гээд хүчээр ТҮЦ-ийг маань ачих гээд байна. Өнөөдөр Монгол Улсын хамгийн дээд шат бол шүүх засаглал. Гэтэл шүүхээс давуу эрх мэдэлтэй нэгэн өнөөдөр төрийн албанд байдаг юм байна. Шүүх засаглалаа ингэж үл тоож байна гэдэг чинь бүр улайрч байна гэсэн үг.

Одоо тавих гэж байгаа смарт ТҮЦ-ээ ямар ч бэлэн мөнгөөр цэнэглэлт хийхгүй гэсэн боловч дотор нь ном зарж болно гэж миний нүдэн дээр тэр хэлсэн. Тийм л юм бол хүн болгон ийм смарт ТҮЦ бариад дотор нь худалдаагаа эрхэлж ч бас болно. Одоо эндээс гараад бид МАН-ын байрны гадаа очиж тэмцэж, шаардлага хүргүүлнэ" гэв. 

Мөн энэ үеэр худалдаачид санаа бодлоо илэрхийллээ.

ТҮЦ эрхлэгч иргэн н.Нарантуяа "Гурван хоногийн өмнө үйл ажиллагаа эрхэлдэг ТҮЦ-ийг маань БЗД-ийн газрын албаныхан маш харгис, хатуу байдлаар ачаад явсан. Дотор нь бүр гурван хүн сууж байхад шалыг нь шууд ховхлоод явсан. Би араас нь очоод түцээ авах гэтэл дахиад  Баянзүрх дүүрэгт түц тавихгүй гэсэн гарын үсэг өгөөд ачилтын мөнгөө тушаа гэж шаардсан. Надад тэр тушаах мөнгө нь ч алга. Тиймд БЗД-ийн газрын албанд гомдолтой байна" гэж байлаа.

Цэцэрлэгт хүрээлэнгийн худалдагч н.Сосорбарам " Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа эрхэлж байгаа хүмүүс анх шороо байхад нь л үйлчилгээ явуулдаг байсан. Тэнд байгаа наймаачдийн эрх нь өдөр болгон зөрчигддөг. Тэнд долоон жил болоход нэг ч өдөр амгалан тайван байж үзээгүй. Төр засгаас маш их дарамт ирдэг.

Өнөөдөр тэндхийг цэвэр усны эх үүсвэртэй газар, үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг хирнээ өндөр барилгууд сүндэрлэж, сүлжээ болж орж ирсээр байна.

Бид орой 20-23 цаг хүртэл л байдаг. Тэнд архидан согтууралт ч байдаггүй. Гэтэл биднийг хөөж, харин хүүхдийн зууд байрлах архидан согтууруулах газруудаа дэмжиж байна. Биднээр зүгээр л сонгуулиас сонгуулийн хооронд шоу хийж байна. Надад 300 мянган төгрөгний торгууль ирсэн. Тэгж торгуулж байхаар би үр хүүхэддээ талхыг нь аваад очмоор байна. Цэцэрлэгт хүрээлэнд ихэнхдээ өрх толгойлсон ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд очиж наймаа хийдэг" гэв.