Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Солонгосын дайны үед салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүнийг энэ сард уулзуулахаар сонгожээ.

Наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын 93 иргэн Хойд Солонгосын Кумган уулын бүсэд нэвтэрч төрөл төрөгсөдтэйгээ уулзана. Аялал жуулчлалын энэ бүс 2010 оныг хүртэл Өмнөд Солонгосчуудад нээлттэй байсан ч Хойд Солонгосын хилийн цэрэг нэг жуулчны амийг хөнөөсөн хэргийн дараа хаагдсан юм.

Харин Хойд Солонгосын 88 иргэн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Өмнөдөд нэвтэрч төрөл садантайгаа уулзах гэнэ.

1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайнаар төрөл төрөгсдөөсөө салж хагацсан хүмүүсийн тоо жил ирэх тутам буурсаар байгаа.

Жишээ нь энэ удаа уулзалдах Өмнөд Солонгосын иргэдийн дотор 101 настай эрэгтэй, 100 настай эмэгтэй хүн байгаа бол нийт сонгогдсон хүмүүсийн 35 нь 90-ээс дээш насныхан байна.

Харин Хойдын талаас ирэгсдийн 62 нь 80-аас дээш настай гэсэн мэдээлэл иржээ.

2000 оноос хойш ийм уулзалт нийтдээ 20 удаа болсны сүүлчийнх нь 2015 оны аравдугаар сард буюу хоёр Солонгосын харилцаа муудахын өмнөхөн болсон байна.

Тавдугаар сард Өмнөдийн 132,000 иргэн хилийн нөгөө талд байгаа төрөл садантайгаа уулзах хүсэлтийг Улаан Загалмайн нийгэмлэгт гаргаж байжээ. Гэвч Хойд Солонгосын талд одоо 57,000 хүн амьд үлдээд байгаа гэнэ.

Хүсэлт гаргасан иргэдээс 500-г нь сугалааны зарчмаар сонгож, дараа нь эрүүл мэндийн байдал, нас зэргийг нь харгалзан дахин хассан байна.

Цаг хугацаа, орон зайн боломжоос хамаараад дайнд хэлмэгдсэн хүмүүсийг олноор нь уулзуулж чадалгүй, тоог нь хязгаарладаг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian