Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Осама бин Ладены хүү 9/11-ний халдлагыг үйлдэгчийн охинтой гэрлэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Аль Кайдагийн удирдагч агсан Осама бин Ладены хүү Хамза бин Ладен нь есдүгээр сарын 11-ний халдлагыг үйлдэгч Мохаммед Аттагийн охинтой гэрлэснийг гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

Осама бин Ладены эх нэгтэй дүү нарын саяхан хэвлэлд өгсөн ярилцлага энэ мэдээллийг баталсан байна. Хамза бол бин Ладены гурван эхнэрийн нэгний хүүхэд бөгөөд долоон жилийн өмнө Пакистанд АНУ-ын цэргүүдэд алагдсан эцгийнхээ өшөөг авахыг зорьж яваа хүн юм.

Вашингтон, Лондон, Парис, Тел Авивт халдлага хийхийг хэд хэдэн удаа муслимуудад уриалж байсан Хамзаг одоо Аль Кайда бүлгийн тэргүүн Айман Аль Завахиригийн орлогч гэлцдэг.

Тэр есдүгээр сарын 11-нд нисэх онгоц барьцаалж Нью Йоркийн ихэр цамхагт халдлага үйлдсэн Египетийн иргэн Мохаммед Аттагийн охинтой гэрлэж, Афганистанд амьдарч байж магадгүй гэсэн мэдээллийг аавынх нь дүү нар өгсөн байна.

Бин Ладены нэг хүү Халид нь эцгийгээ алагдах үед амь үрэгдсэн. Гурав дахь хүү Саад нь 2009 онд Афганистанд агаарын довтолгоонд өртөж амь үрэгджээ.

Осама бин Ладены бичсэн гэх захидалд Хамзаг өөрийн залгамжлагчаар бэлдэж, хүү Саадынхаа өшөөг авхуулах гэж байгааг өгүүлсэн байдаг гэнэ.

Бин Ладены эхнэрүүд, хүүхдүүдийг Саудын Арабын өмнөх угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Найеф нутагтаа орогнуулах шийдвэр гаргаснаар одоог хүртэл энэ улсад амьдардаг юм. Харин тэд Хамзатай 2009 оноос хойш холбоо тасарсан юм байна.

Осама бин Ладены угсааныхан Саудын Араб улсыг байгуулалцсан, язгууртан гэр бүлүүдийн нэгт тооцогддог.

Хамза бин Ладеныг АНУ 2017 оны нэгдүгээр сард террорист хэмээн зарлаж, хар жагсаалтад оруулжээ.

 

Эх сурвалж: The Guardian