Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гарааны бизнес эрхлэгчдийг 1 САЯ АМ.ДОЛЛАРЫН хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөхийг уриаллаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинаа хөгжиж буй орнууд дахь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий “Seedstars World” тэмцээн Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“Seedstars World” тэмцээн дэлхийн 75 оронд зохион байгуулагдаж шинэ үеийн залуу бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбон зуучлах, шилдэг бизнесүүдийн туршлагаас суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх, танилын хүрээгээ тэлэх, бизнесээ танилцуулах боломжоор хангадаг талаар “Seedstars World” байгууллагын Европ, Төв Ази хариуцсан мэргэжилтэн Алина Розанова мэдээлэл өгсөн юм. 

 

Тэрбээр "Манай байгууллага Швейцар улсад байрладаг. Хөгжиж буй орнуудад бий болж буй гарааны бизнес эхлэгчдийг дэмжих замаар эдийн засагт нь эерэг өөрчлөлт дагуулах бол манай байгууллагын гол зорилго. 

“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнд оролцох гарааны бизнес нь байгуулагдаад хоёр жилээс хэтрээгүй, MVP /Minimial Viable Product/ буюу бүтээгдэхүүний туршилтын хувилбараа боловсруулсан, ашгийн төлөө бизнес санаа байх ёстой. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь “Seedstars World” тэмцээний олгодог томоохон давуу тал

Энэхүү тэмцээнд оролцогчид улс орныхоо, бүс нутгийн шилдэг гарааны бизнесүүдтэй өрсөлдөж шилдгээр шалгарсан баг нь 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх болон дэлхийн нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдтэй холбогдох боломжийг олгодог.

Өнөөг хүртэл тус тэмцээний оролцогчид нийт 61,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна" хэмээн ярилаа. 

“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг “Стартап Маркетинг Спэйс” төв авч, бусад түнш байгууллага, харилцагч байгууллагатай хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ.

"Тэмцээнд оролцох хүсэлтэй багуудын бүртгэл наймдугаар сарын 10-ыг дуустал онлайнаар явагдах юм байна. Нийт бүртгүүлсэн багуудаас шүүгчдийн бүрэлдэхүүн 10 гарааны бизнесийг сонгон авч хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалтанд хамруулна.

Ингээд наймдугаар сарын 18-ны өдөр 10 гарааны компани өрсөлдөж, ялагчаар шалгарсан нэг баг эх орноо төлөөлөн Швейцар улсад болох дэлхийн тэмцээнд орох эрхтэй болно.

Мөн энэ жил онцгойлон технологийн бизнесээс гадна эмэгтэй гарааны бизнес эрхлэгчид, бусад гэсэн төрлөөр гарааны бизнесийг дэмжинэ. Манай улсын хувьд органик байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дэлхийд танигдаж эхэлж байгаа учраас энэ чиглэлийн болон эмэгтэй бизнес эрхлэгчдээ оролцоорой гэж уриалмаар байна" хэмээн "Стартап Маркетинг Спэйс" төвийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа хэллээ.

Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний ялагч болоогүй ч гэсэн оролцох нь хөрөнгө оруулагчидтай уулзах, өөрсдийгөө болон бизнесийнхээ санааг хөгжүүлэх боломж олгодгийг онцолж байлаа.

Тэмцээнд оролцогч стартапын бүртгэл: https://seedsta.rs/ulaan18 apply Үзэгчдийн бүртгэл: https://seedsta.rs/ulaan18 attend 

Албан ёсны хаштаг: #SSWUIaanbaatar18 #SSWTour18 

Албан ёсны мэдээлллийг:

https://www.seedstarsworld.com/event/seedstars-ulaanbaatar-2018
https://www.facebook.com/events/581428125572689/

Утас: 7577-6777, 9505-3556