Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мадурогийн амь насанд халдах оролдлогод АНУ оролцсон гэх мэдээллийг няцаалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон саяхан болж өнгөрсөн Венесуэлийн ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлогод АНУ оролцоогүйг баталжээ.

Тэрээр “Fox News Sunday” нэвтрүүлэгт орохдоо “Үүнд АНУ-ын засаг захиргаа оролцсон гэх мэдээллийг би эрс няцааж байна” гэж хэлсэн юм.

Болтон Венесуэль дэх АНУ-ын хэргийг хариуцдаг албаныхантай холбоо барих үеэр тэр “Америкчууд энэ явдалтай холбоотой” гэсэн мэдэгдлийг сонссон гэнэ.

Бямба гарагийн үдэш Венесуэль улсын Үндэсний Гвардийн үүсгэн байгуулагдсаны 81 жилийн ойн арга хэмжээнд оролцсон ерөнхийлөгч Николас Мадурогийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон дэлбэрсэн юм.

Сүүлд Мадуро уг явдлыг өөрийнх нь амийг бүрэлгэх оролдлого гээд үүнд Венесуэлийн барууны үзэлтнүүд, хөрш Колумбын засгийн газар, АНУ-ын хорлон сүйтгэгчдийг буруутгасан байна.

Жон Болтон “Хэрвээ Венесуэлийн засгийн газарт ийм мэдээлэл байгаа бол бид нухацтай шалгаж, оролцсон этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.

Саяхан Мадурог ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа Дональд Трамп АНУ-ын хувь хүн, компаниудад Венесуэлийн засгийн газрын өрийг худалдаж авахыг хориглох зарлиг гаргасан юм.

Венесуэлийн эрх баригчид АНУ-ын хоёр дипломатчийг нутгаасаа албадан гаргасны дараа тавдугаар сарын 23-нд АНУ-ын төрийн департмент Каракасын хоёр дипломатчийг мөн нутаг дэвсгэрээсээ хөөжээ.

 

Эх сурвалж: Xinhua Net